Арлын Японыг донсолгож буй Монгол хөвгүүд хамтдаа буй нэгэн агшин гэрэл зургийн хальснаа үлджээ. Үс нь ургаагүй байхад үнэмлэхүй амжилт үзүүлсэн Ичиножигийн талаар Их аварга Китаноүми " Мэргэжлийн сумод 4 башё барилдаад дээд зиндаанд гарч ирсэн сумоч энэ хүүгээс өөр байхгүй. Удахгүй Ичиножиг ялах бөх байхгүй болно" гэжээ. 13 даваа авсан Ичиножи хэд хэдэн амжилт гаргаад байна. Макүүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх, дээд зиндаанд "Миното" дэвжээнээс анх удаа гарсан бөх, хэрвээ ойрын үед түрүүлж Эзэн хааны цомыг хүртвэл "Зууны амжилт давтсан бөх"...гээд олон амжилтад нэр нь бичигдэх хүн.

1914 оны 5 дугаар сарын тэмцээнд "Дэваноүми" дэвжээний сумоч Рёогокү дээд зиндаанд барилдсан анхны башёдаа түрүүлэн Эзэн хааны цом хүртэж байжээ. Энэхүү 100 жилийн өмнөх түүхэн амжилт түүнийг хүлээж байна. Одоогоор сумо сонирхогчдоос "Малчин сумоч", "Үлэмж биетэн" зэрэг өргөмжлөл хүртээд буй Ичиножид хөгжөөн дэмжигчид нь "Ирээдүйн аварга" гэсэн итгэл найдварыг хүлээлгэж буйг тэмдэглэлтэй.
Хакухо ирээдүйтэй дүүдээ зааж сургах юм их байгаа байлгүй. Харийн нутагт бие биенээ түшиж тулахгүй бол хэн нааш гэх билээ. Аварга, ирээдүйн аварга хоёртоо амжилт хүсье!
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (1)