Японы мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал Кюүшюү башёгийн банцукэ гарсны маргааш хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Ирэх башёд түрүүлбэл Хакухо мэргэжлийн сумогийн түүхэн дэх хамгийн оргил амжилтад тооцогдох Тайхогийн 32 түрүүтэй эн зэрэгцэх билээ. Мөн дээд зиндаанд дэвшсэн эхний башёдоо 13 даваа авсан Ичиножёо А.Ичинноровын талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

“Башёд бэлтгэлээ бүрэн хангаж оролцохыг хичээж байна. Мөн хэдэн кг жин нэмэхийг эрмэлзэж байгаа. Хүйтэнд хоол илүү амттай юм шиг санагдаад байдаг юм. Тэмцээний өмнөх бэлтгэл дээр өөр хэд хэдэн дэвжээгээр орно. Сүүлийн гурван башёд дараалан унасан Гоэйдотой очиж барилдаж үзэх бодолтой.
Мэдээж, би Кюүшюү башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 32 дахь удаагаа өргөж, алдарт аварга Тайхотой эн зэрэгцэхийг хүсэлгүй яахав. Тайхо бид бүхний хувьд яг л эцэг шиг минь ханддаг байсан. Тиймээс би түрүүлбэл түүнд үзүүлж буй хүндэтгэл минь болно. Түүнтэй сүүлийн удаа уулзахдаа би 32 түрүүлнэ гэж амласан юм” гэж Хакухо өгүүлжээ.

Ичиножёогийн талаар сэтгүүлчид лавлахад “Аки башёд тэр үнэхээр сэтгэгдэл төрүүлэхээр сайн барилдсан. Түүнээс би сүүлийн өдөр даваагаар илүү гарч чадсан. Гэхдээ энэ башёд түүнийг мөн тийм өндөр амжилт үзүүлж чадах эсэхийг мэдэхгүй юм” гэж Хакухо хэлжээ.
Сүүлийн мэдээллээр бол Хакухо өчигдөр бэлтгэл дээр ёкозүна Харумафүжитэй 24 удаа барилдаж, 14 давж, 10 унажээ. Харумафүжигийн хувьд өмнөх башёгийн үеэр зүүн нүдэндээ гэмтэл авсан тул тэмцээнийг орхисон. Харин энэ башёгийн өмнө бэлтгэлдээ гарчээ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (8)