Анхны уран бүтээлээрээ л залуусын анхаарлын төвд орж ирсэн дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар хайрын дууг ёстой л баруун солгойгүй дуулж байсан нь саяхан. Одоогоос таван жилийн өмнө тэд бараг арав хоноод л нэг дуу гаргадаг байсан гэвэл дэгсдүүлсэн болохгүй.

Удалгүй тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсон гэх яриа газар авсан билээ. Харин тэд ийм шуугианы дараа нэг их удалгүй хамтран уран бүтээлээ хийхээ больсон юм. Тэгээд зогсохгүй хайрын дууч шувуухайнууд дахин хэзээ ч хамтран уран бүтээл хийхгүй гэж хэвлэлээр бяцхан хэмжээний хэрүүлийн алим шидэлцээд ч амжсан. Ийн хэдэн жил усанд хаясан чулуу аятай алга болсон дуучин шувуухайнууд дахин уран бүтээлээ хийж олны анхаарлыг татсан билээ.

Хамтран уран бүтээл хийх нь бүү хэл бие бие рүүгээ элдвээр дайрч байсан тэд өдгөө тус тусын амьдралтай болж бие биенийгээ уучилсан бололтой. М.Үүрцайх хань, үр хүүхэдтэй болсон бол Ц.Мөнхбат найз бүсгүйгээ цахим хуудсаараа дамжуулан танилцуулсан нь энэ. Ямартай ч хайрын дууч шувуухайнууд эвлэрч тус тусын амьдралтай болсон юм болохоор уран бүтээлийн зам нь дахин салахгүй байх гэдэгт ойр дотныхон нь тун их найдвар тавьж байгаа гэнэ лээ.

М.Сонор
Сэтгэгдэл (1)