Анх “А Capella” хамтлагтай уран бүтээл хийж, дуунуудаа хит болгож олноо таниулж явсан хүн бол жүжигчин Э.Мөнхтөр. Тэрбээр сүүлийн үед хамтлагтайгаа уран бүтээл хийхээ больж, мэргэжлийнхээ ажлыг хийж, кинонд тоглох болжээ. “Хайрын рекорд” хэмээх романтик, инээдмийн кинонд УДЭТ-ын залуу жүжигчин Т.Хулантай хамтарч тоглосноос хойш уран бүтээлээсээ хөндийрөөд байсан тэрбээр эргээд кинонд тоглож олон дүрээрээ үзэгч түмэнтэйгээ уулзаад байгаа.

Жүжигчин, дуучин Төрөө хүүхэд насандаа урлаг спортод дуртай авьяаслаг хүүхэд байсан бөгөөд “Ирээдүй” цогцолбор сургуулийг төгсжээ. Оюутан байх цагаасаа л “А-Сарреlla” хамтлагт дуулж, “Шиврээ бороо” нэртэй анхны клипээ гаргаж эхэлсэн. Түүний олонд танигдсан анхны гол дүрийн кино нь “Сайн уу амьдрал минь”. Энэ кинонд өөрийнхөө авьяасыг илт давуу гаргаж, чадварлагаар сайн дүрийг бүтээж чадсан. Одоо ч мөн адил телевизийн уран бүтээлд хүч түрэн орж, нэлээдгүй олон кинонд дүр бүтээгээд байгаа жүжигчин Төрөө яг одоогоор “Шилдэг өнгө” продакшны “Аюултай харилцаа” кинонд ажиллаж байгаа аж.
Түүний хамтлагийн тухайд түр хугацаанд завсарласан ч эргэн нэгдэж уран бүтээлээ дахин эхлэх бодол байгаа төдийгүй шинэ дуу нь бэлэн болчихсон, дараагийнхаа дуунуудыг бэлдээд эхэлчихсэн байгаа гэнэ. Тэдний хамтлагаас Б.Одбаяр нь АНУ-д амьдарч байгаа, Ц.Мөнх-Од нь “Их засаг” их сургуульд багшилж байгаа, Б.Төмөрчөдөр дэлгэцийн уран бүтээлүүдэд оролцоод явж байгаа гээд тус тусын ажлаа хийгээд завгүй байгаа бололтой. Мюзиклийн анги төгссөн болохоор дуучин, жүжигчин, бүжигчин, хөгжимчин гээд тал талын л юм хийдэг Төрөө маань хувийн амьдралаа олонд дэлгэх дургүй төдийгүй эхнэртэй, хоёр хүүхэдтэй гэж тун товчхон хариултаар хүмүүсийн амыг хаадаг байх нь.
Л.Номин
Сэтгэгдэл байхгүй байна