Селена Гомес Шэрон Ошборны The Talk ярилцлагад оролцохдоо найз Тейлор Свифтийнхээ талаар "Хоёр дуучин бүсгүйг үнэнч найзын сэтгэл бат холбосон" хэмээн өгүүлжээ.
“Тэр нэг орой манайд зочилж, бид задгай галын өмнө хувийн амьдрал, элдэв зүйлсийн талаар илэн далангүй ярилцсан юм. Тэгтэл тэр миний яриаг сонссоныхоо дараагаар ширтэн хараад “Чи өөрийгөө үнэлдэг, хөгжөөдөг, сэргээдэг хүмүүсийн хүрээлэлд байх хэрэгтэй” гэж хэлсэн. Дараа нь бодоход үнэхээр тийм байсан” гэж Селена Гомес ярьсан байна.
Канадын дуучин залуу Жастин Биберийн арганд дахин орж, хичнээн гомдсон ч гэсэн эргээд найзалсан нь Селена Гомесийн шүтэн бишрэгчдийг багагүй тавгүйтүүлсэн. Гэлээ ч Бибер зангаа гаргаж, хуучин найз бүсгүйтэйгээ дахин учир ургуулсан нь “баригдсан” тул Селена харилцаагаа нэгмөсөн таслахаар шийдсэн билээ. Энэ шийдвэрийг нь ч гэсэн Тейлор Свифт дэмжин хүлээн авсан байна.

“Тейлор намайг дандаа дэмждэг. Заримдаа шийдвэрийн минь эсрэг байлаа ч гэсэн өөлдөггүй. Харин ч дэмжих талаас нь ханддаг. Харамсалтай нь тэр Нью-Йоркт амьдрах дуртай. Тэндэхийн амьдралын хэв маяг, хэмнэлийг өөртөө яг таарна гэж үздэг юм. Харин би хичнээн сайн найзууд ч гэсэн түүний төлөө Лос-Анжелес дахь байшингаа зарахгүй ээ” гэж Селена Гомес хэлжээ.
Дашрамд сонирхуулахад, өчигдөр Тейлор Свифт “Нью-Йоркт тавтай морил” нэртэй дууныхаа нээлтийг албан ёсоор хийсэн юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна