Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын маргаан юунаас үүдэлтэйг Д.Оюунтуул тайлбарлалаа. Тэрбээр “Энэхүү маргааны талаар хүмүүс ярихдаа Бооёо ахтай холбоотой гэж ярьдаг нь буруу. Бооёо ахтай бид хоёрын маргаан ямар ч холбоогүй бөгөөд Ундармаа эгчийн гэрт хоол идэж сууж байхдаа Ц.Алдармаа бид хоёрын дунд анх маргаан үүсч, намайг зодож байсан... Тухайн үед Ц.Алдармаа миний талаар буруу ойлгочихсон байсан учраас би уучлаад өнгөрч байсан. Ц.Алдармаа надаас уучлал гуйгаагүй. Би тэгэхэд нь “За яахав нас нь бага байна, бас бид хоёр олон жил найзалсан болохоор тэгсгээд өнгөрч байсан” гэжээ.

Ер нь бол тэдний маргааны гол шалтгаан нь Ц.Алдармаагийн үерхдэг залуугаас үүдсэн аж. Энэ тухай тэрбээр “Тэр бид хоёрын дунд буруу хов үг зөөсөн. Чиний эгч Туул чинь надад чамайг элдвээр ярьсан гэсэн байсан. Тэр хүний энэ ярианд Ц. Алдармаа итгэсэн. Бид хоёрын маргааны эх үндэс энэ... Би мэдээж олон жил найзалсан эмэгтэй дүүгээ хүнд муу хэлэх нь битгий хэл, хүнээс хамгаалж харамлаж явах эгч хүн шүү дээ. Би тэгж янз бүрийн юм ярихгүй. Гол нь тэр үед бид хоёр хоорондоо ярилцаж ойлголцоогүй нь бид хоёрын алдаа. Хүмүүс найзалсан л бол бие биендээ итгэх хэрэгтэй. Бие биендээ итгээгүй нь л бид хоёрын аль альных нь буруу” гэсэн байна.
Эцэст нь энэхүү маргаан шийдэгдэлгүй ойлголцохгүй явсаар 4 дүгээр сарын 27-нд Эрдэнэт хот руу аялан тоглолтоор явжээ. Энэ үеэр Эрдэнэт хотод амьдардаг Ц.Алдармаагийн найз ирж СТА цол тэмдэг авсанд нь баяр хүргэж Д.Оюунтуулыг дуудан гурвуулаа вино ууж суухад өнөөх залуугийн хов зөөсөн яриа дахин эхэлжээ.
Ц.Алдармаа, Д.Оюунтуулд гомдож “Та намайг үерхдэг залууд минь тэгж хэлсэн байна лээ” хэмээн ширээн дээрх виноны шил авч шиджээ. Хариуд нь Д.Оюунтуул ус буцалгагч авч Ц.Алдармаагийн нуруу луу цохиход устай байсныг нь мэдээгүй аж. Энэ үеэр бүжигчин охидууд ирж тэднийг салгаад өөр өөр өрөөнд оруулан унтуулжээ. Маргааш өглөө нь Ц.Алдармаа орж ирээд ус буцалгагчтай ус хүзүү рүү нь хийсэн гэдэг.
Харин шүүхээс ЦАлдармаад оногдуулсан ялын талаар ярихдаа “Ц.Алдармаад хорих ял онооно гэж огтхон ч бодоогүй, ойлголцоогүй нь бид хоёрын буруу. Үнэхээр харамсаж байна... Би яахав. Яваандаа эдгэрнэ. Хүний амьдрал, хүүхдийнх нь ирээдүй хэцүү байна. Надаас уучлал гуйгаагүй ч гэсэн би дотроо Ц.Алдармааг уучилсан” хэмээн нулимс дуслуулан ярив.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна