Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя аа... хэмээн намуухан уянгалаг хэрнээ хүч түрэн дуулж гарч ирсэн авьяаслаг дуучин Б.Эрдэнэцэцэг агсныг монголчууд мартах ч үгүй биз ээ. Ид оргилон явсан гуч гаруйхан насандаа бурхны оронд одсон түүний дуунууд хэн хүний сэтгэлийн учгийг хөнддөг гэдэгтэй та маргахгүй болов уу.
Тэгвэл түүний сэтгэлийн утас хөндсөн дуунуудыг Г.Болор-Уянга хэмээх бүсгүй дуулж, олны танил болж амжсан. Тэр бол монголын рок попын урлаг дахь copy-paste хэв маягтай бэсрэгхэн "оддын" нэг. Түүнийг сайн дуучны дуунуудыг дуулах гэж "алж" байгаа хүн гэж хэлэх хүмүүс ч олон таардаг.
Нэг хэсэг чимээгүй байсан тэрбээр өнгөрсөн жил Б.Эрдэнэцэцэг агсны гэгээн дурсгалд зориулсан гэх нэрийн дор “Дурсая, Дуулъя” нэртэй хуучны дуунуудаас нь бүрдсэн шинэ цомог гаргаж үнэгүй тараасан гэх. Тэр талаараа “Би энэ дуучныг шүтэж хоолойг нь биширч, хүндэлж, дууг нь дуулах дуртай учраас цомог гаргасан” хэмээн хэлсэн байдаг.
Ер нь бол манай урлагийн талбарт иймэрхүү аргаар шоу хийгээд, нэр хүндээ өсгөх гэсэн алхмууд хийдэг хүмүүс цөөнгүй. Тэгж тодорсон хүмүүс ч хэд хэдээрээ бий. Г.Болор-Уянгын тухайд дуулахын хажуугаар хүмүүнлэгийн үйлс хийдэг гэж өөрийгөө тодотгодог. Тэгээд дуучны хувиар хүмүүнлэгийн чанартай арга хэмжээнүүдэд оролцохдоо Б.Эрдэнэцэцэг агсны дууг л дуулж явдаг. Чухам хэзээ нэг өөрийн гэсэн ганц дуутай болж, хүмүүсийн сонорыг мялаахыг цаг хугацаа л харуулах болов уу.

Бизнесийн чиглэлээр сургууль дүүргэсэн тэрбээр МУГЖ Д.Ганхуягаар дуулаачийн хичээл заалгасан гэдэг юм билээ.
П.Урнаа
Сэтгэгдэл (2)