Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдыг таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой асуудалд оролцох эрхийг нь хассан гэсэн мэдээлэл FIFA-гийн албан ёсны сайтаар цацагдаад байна.

Учир нь Б.Ганболдыг 2011 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан хэмээн үзжээ. Тухайн үед авлига өгсөн гэх Мухамед Бин Хаммам нь Блаттертей ФИФА-гийн сонгуулиар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн аж.
Харин FIFA-гийн мэдээлэлд “Ноён Б.Ганболд нь 2009 онд ФИФА-гийн удирдах зөвлөлийн хорооны сонгууль болон 2011 оны ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулиудад нэр дэвшигч Мухамед Бин Хаммамаас мөнгө хүлээн авсан нь тогтоогдсон учраас Монголд болон олон улсын түвшинд хөлбөмбөгтэй холбоотой арга хэмжээнд оролцох эрхийг нь 5 жилээр хасах шийдвэр гаргалаа." гэсэн байна.
Түүнийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны эрх зүйн дүрмийн 13-р зүйл болох харилцааны ерөнхий дүрэм, 18-р зүйл болох хамтран ажиллах, мэдээлэх, ил тод байдлын үүрэг, 21-зүйл болох авилга хээл хахууль, 42-р зүйл болох хамтран ажиллах зэрэг ФИФА-гийн ёс зүйн кодыг зургаан үндэслэлээр зөрчсөн гэж үзэж байгаа аж. Түүнчлэн 2014 оны 10 сарын 15-н буюу өчигдрөөс эхлээд түүний эрхийг хассан шийдвэр хэрэгжиж эхэлжээ.
Сануулахад, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид тэр нэрээ дахин дэвшүүлээд байсан юм. Тэрбээр дахин нэр дэвших болсон шалтгаанаа “Хийж дуусгаагүй зүйл байна, түүнийгээ гүйцээхийн төлөө нэр дэвшихээр боллоо” хэмээн тайлбарлаж байсан юм.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна