Удам судар, угшил гарлаараа, үг, үйлдлээрээ энэ цагийн эрхэмсэг бүсгүйчүүдийг өнгөлж яваа нэгэн бол "Ажигана групп" ХХК-ийн захирал Э.Туул юм. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий тэрбээр хувь, хувьсгалын ажлаа харин ч нэг гялалзуулдаг эмэгтэй. Хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг хэцүү хүнд “хөдөлмөр” гэх хандлагыг амьдралаараа үгүйсгэж, хөөрхөн хүүхдүүдийн ээж болсон Э.Туул уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын томоохон төслүүдийг өөрөө санаачлан хэрэгжүүлж ирсэн.

Түүний “Ажигана” компани Израйль технологийг Монголдоо оруулж ирэхийн зэрэгцээ махны чиглэлийн тахианы цогцолбор үйлдвэрийг байгуулсан. Чанарын баталгаатай, эрүүл, органик тахианы мах үйлдвэрлэж “Оргио” нэрээр зах зээлд гаргасан нь, нийтийг байлдан дагуулаад байгаа гэхэд болно. Эрүүл органик хүнс гэдэг юм жинхэнэ асуудал болоод байгаа энэ үед нийтийг эрүүл хүнсээр хангахад чиглэж байгаа түүний бизнесийг хүмүүнлэг гэж харах нь зөв болов уу.

Тэгвэл Э.Туул энэхүү бизнесээ өргөжүүлэхийн сацуу барилгын бизнесээ ч амжилттай авч явж байна. Тэрбээр Налайхад үйлдвэрийн томоохон барилга барьж байгаа гэнэ. Өмнө нь Баянзүрх дүүрэгт орших PALAZZO хэмээх чамин нэртэй, өвөрмөц архитектуртай орон сууц, оффисын цогцолборыг босгосон бүсгүй барилгын салбарт гаршиж ч байгаа биз.

Унгарт эдийн засгийн өндөр боловсрол эзэмшсэн, цараатай харж чаддаг энэ бүсгүй өөр олон ч ажлыг сэдэж, хийх болов уу. Эхлээд дизайнер хэмээх тодотголоор гарч ирсэн тэр цаашлаад Монголын бизнесийн талбарын нөлөө бүхий тоглогч болж л таарах гээд байна. Түүнд амжилт хүсье!
Б.Билэгт
Сэтгэгдэл (47)