Арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо зээлийн хураамж нэрийдлээр 0,4-0,1 хувийн шимтгэл татаж авдаг нь хууль бус гэж үзсэн шийдвэрийг ШӨХТГ-аас гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг арилжааны 13 банк эсэргүүцэж захиргааны хэргийн шүүхэд хандсанаар маргааш шүүх хурал нь болох гэж байна.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Арилжааны банкууд энэхүү шимтгэлээ үйл ажиллагааны зардал хэмээн тайлбарлаж байгаа. Миний хувьд нэг тэрбумын зээл олгох, хоёр тэрбумын зээл олгох дээр яагаад үйл ажиллагааны хооронд тэгж их зөрүү гардаг болохыг ойлгохгүй байгаа” гэсэн юм.

Мөн тэрбээр “Шүүх үнэхээр шудрага бус, олон ажил шүүх дээр ирээд гацдаг. Би нэр бүхий шүүгч нарын нэрийг хэлэх гэж бэлдэж ирсэн. Эдгээр нөхдүүд шүүх хурал болгон дээр манай байгууллагын эсрэг, мөнгөтэй төгрөгтэй эрх мэдэлтэй компаниудынх нь талд шийдвэрээ байнга гаргадаг. Нэг биш хоёр биш, есөн удаагийн асуудал болсон учраас нэрсийг нь дурьдаж байгаа” гэв. О.Магнай даргын хэлснээр анхан шатны шүүхийн н.Лхагвасүрэн, н.Эрдэнэчимэг, н.Оюунгэрэл, н.Батзориг, н.Адьяасүрэн, Давж заалдах шатны шүүхийн н.Тунгалагсайхан, н.Зоригтбаатар, н.Хонинхүү, н.Цогт, н.Энхмаа, н.Батбаатар, н.Халиунбаяр болон Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн танхимын н.Зандраа, н.Сумъяа, н.Атарцэцэг, н.Батсүрэн, н.Тунгалаг, н.Мөнхтуяа, н.Цэцэгээ гэсэн шүүгчид зохион байгуулалттайгаар ШӨХТГ-ын буюу хэрэглэгчдийн эсрэг ажилласан гэж байв.
ШӨХТГ-ын шүүхээр явсан есөн удаагийн хэрэг дээр нэр нь дурьдагдсан шүүгчид зохион байгуулалттайгаар эсрэг шийдвэр гаргаж байсан гэж байна. Өнгөрсөн жил шүүгчийн ёс зүйн хороонд 3-4 удаа хандсан ч нэгнийгээ өмгөөлж хамгаалсан гэлээ. Ийнхүү шүүгчдийн нэрсийг олон нийтэд дурьдаж байгаа нь эдгээр хүмүүс дараа дараагийн үйлдлээ анхаараасай гэснийх хэмээн нэмж хэлсэн юм.
П.Урнаа
Сэтгэгдэл (1)