В.Путинээр шал арчина гэж амлав

Австралийн Ерөнхий сайд Тони Эббот “Их 20”-ийн уулзалтад айлчлан ирэх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг аман дуэльд дуудаж буйгаа мэдэгдлээ. Австралийн Брисбенд “Их 20”-ийн уулзалт болох бөгөөд В.Путиныг ирэхэд нь Тони Эббот тун таагүй байдлаар хүлээн авч, “шал арчина” гэж элэг нэгтнүүддээ амласан байна.

Эбботын энэ уур хилэн нь өнгөрсөн долдугаар сарын 17-нд Донбасст сүйрсэн Малайзын зорчигч тээврийн онгоцтой шууд холбоотой юм. Тус онгоцонд 298 зорчигч байсны 28 нь Австралийн иргэн байсан гэсэн мэдээлэл цацагдсан. Харин Их Британийн The Guardian-ий тооцсноор бол тус онгоцонд 28 биш 38 австрали хүн байсан гэдэг. Онгоцны сүйрлийн дараагаар Тони Эббот Оросыг илт эсэргүүцэн, шүүмжилж, сүйрэлд хойд хөршийг, тухайлбал Владимир Путиныг шууд буруутгаж байсан юм. Одоо тэрбээр тэрхүү үзэл бодлоо В.Путиний нүүрэн дээр илэрхийлж, “үзэл бодлын тулаанаар шал арчина” гэж мэдэгдсэн байна.

“Тэр онгоцны сүйрлийн улмаас олон австрали хүн амь үрэгдсэнийг би Путинд заавал хэлнэ” гэж Тони Эббот The Morning Herald сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Эхэндээ Эббот Путиныг “Их 20”-ийн уулзалтад оролцуулахгүй гэж үзсэн юм. Гэлээ ч дэлхийн хамгийн том нутаг дэвсгэртэй улсын тэргүүнийг уулзалтад оролцуулахгүй байх боломжгүйг хожмоо хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Эббот В.Путиныг “Олон улсын хулигаан” хэмээн хочлоод Австралид хөл тавих эрх, нүүр түүнд байхгүй гэж мэдэгдсэн ч мөд нүүр халз тулахаас аргагүйд хүрсэн нь энэ юм.

Ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгчийг Австралид “халуухан” уулзалт хүлээж байна.

М.Мөнхжин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025