Допинг илэрсэн Д.Адьяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураах уу?

Үндэсний их баяр наадмаар зодоглосон 512 хүчитнээс бага шөвөг буюу 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай. Ноднин шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрээгүй бол энэ жилийн наадмын шөвгийн 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн тухай мэдээлэл цацагдаад байсан.

МҮБХ-ноос өнөөдөр хэн гэдэг хоёр бөхөөс допинг илэрснийг албан ёсоор зарлалаа. Архангай аймгийн Тариат сумын уугуул Д.Адьяабат, Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул Б.Суманчулуун нараас допинг илэрсэн ажээ. Дээрх хоёр бөх хоёулаа энэ жилийн наадмаар улсын начин цолыг хүртсэн билээ.

Ийнхүү наадмаас хойш яг гурван сарын дараагаар допинг хэрэглэсэн гэх хоёр бөхийн нэрийг зарлалаа. Бөхчүүд допинг илэрсний гол шалтгааныг гэмтэл бэртэлдээ уусан эм тариатай холбон тайлбарлаж буй гэнэ.

Монгол бөхийн түүхэнд сүүлийн 10 гаруй жилд 10 гаруй бөхөөс допинг илэрсэн ч цолыг нь хураасан удаагүй. Хэд хэдэн бөхийн барилдах эрхийг хасч, зарим бөхийн чимгийг хураасан тохиолдол бий.

Допинг илэрсэн хоёр бөхийн хувьд улсын наадмын тавын даваанд Д.Адьяабат дархан аварга Г.Өсөхбаярыг, Б.Суманчулуун улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг давсан юм. Гэхдээ өмнө нь цол хурааж байсан удаагүй тул Улсын баяр наадмын комисс дээрх хоёр бөхийн барилдах эрхийг хэдэн сараар хасах магадлал их байгаа юм. Хэрвээ цолыг нь хураах болвол давааг нь хүчингүйд тооцох тул дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар тав давсанд тооцогдож, чимэг нэмэх магадлал бий. Гэхдээ өмнө дурьдсанчлан Ерөнхийлөгчийн зарлигаар нэгэнт олгочихсон цолыг хураасан тохиолдол үгүй билээ.

Улсын начин Б.Сугаржаргалаас допинг илрэхэд түүний барилдах эрхийг 6 сараар хассан удаатай. Шинэ хоёр начинд ч мөн тийм шийтгэл ногдуулах магадлал их байна.

Ийнхүү зун, намаржингаа “Хэнээс допинг илэрсэн юм бол оо?” гэх таавар таалгасан нь сая тодорхой боллоо. Одоо улсын баяр наадмын комисс дээрх хоёр бөхөд ямар шийтгэл хуулийн дагуу ногдуулахаа шийдэх үлдээд байна.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025