Манай улс Сумо бөхийн ДАШТ-ийг 2016 онд зохион байгуулахаар эрхийг нь аваад байна. Тайванийн Каошиун хотноо Олон Улсын Сүмо бөхийн холбооны ээлжит их хурал болж, Монголд тус тэмцээнийг зохион байуулна гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл Монголын Сумо бөхийн холбооноос энэ талаар мэдээлэл өгч байна. Манай улсын Сумо бөхийн холбоо ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Египет улсын холбоотой өрсөлдөж ялалт байгуулжээ.

Олон Улсын Сумо Бөхийн Холбооны ээлжит их хуралд оролцогчид манай улсын дэвшүүлсэн ДАШТ-ийг зохион байгуулах хугацаа, спортын ордны танилцуулга, тэмцээнийг ивээн тэтгэгч, зочдыг хүлээн авах олон улсын буудал зэргийг үндэслэн эрх олгосон гэнэ. МСБХ энэхүү эрхийн төлөө анх удаагаа өрсөлдөж, дэвшүүлсэн санал нь 100 хувь дэмжигджээ.
МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Төгөлдөр “ДАШТ-ийг долдугаар сарын 30, 31-ний өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр төлөвлөж байгаа.Яагаад гэвэл энэ үеэр дэлхийн хэмжээний тэмцээнийг зохиоход цаг агаарын нөхцөл байдал таатай байдаг төдийгүй мэргэжлийн сумод барилдаж байгаа аваргууд маань энэ үеэр эх орондоо ирэх боломжтой болно. Одоо 30 орчим орны 400 гаруй зочид төлөөлөгч ирэх тооцоотой байгаа учраас бид ДАШТ-ийг зохиох ажлын судалгаа явуулж байгаа. Олон ажил хийхээр төлөвлөөд байна.” хэмээн ярилаа.
Энэ ажлын хүрээнд Сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 11 дүгээр сарын 8,9-нд Улаанбаатар хотноо зохиохоор болсныг бас дуулгасан бөгөөд тэмцээнийг Олон улсын Сумо бөхийн дүрмийн дагуу насны ангилал бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жингийн болон багийн барилдааныг явуулах юм байна.
Л. Номин
Сэтгэгдэл байхгүй байна