
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Хурандаа Д.Цогтбаатар тодорхой албан тушаалтны хувийн өс хонзонгийн улмаас цагдан хоригдож байгаа гэх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл хоригдоод 246 хонож байгаа тэрбээр өөрийнх нь эрх зөрчигдөж байгаа гэж үзэн эрхээ хамгаалуулах талаар анхаарахыг хүсэн захидлыг Хүний эрхийн үндэсний комисст хандан бичжээ.
Тэрхүү захидалдаа “Тодорхой албан тушаалтан Олон улсын конвенци, Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхийг минь дур мэдэн хасч, үүнийгээ бодитоор хэрэгжүүлж нэг айлын амьдралаар тоглож байгааг та бүхэнд тодорхой бичсээр атал яагаад хэн ч намайг хамгаалахгүй байгаа юм бэ. Хууль шүүхээс гадуур шийтгэл урьдчилан оноодог үүнийгээ прокурор шүүхэд нөлөөлж бусдыг хэлмэгдүүлдэг эрхийг хэн олгосон юм бэ...” хэмээсэн байна.
Түүнийг хорих үндэслэл болгоод байсан Германы гэх хэрэг нь 2014 оны 8 сарын 13-нд, бусдыг сүрдүүлсэн гэх хэрэг нь 2014 оны 4 сарын 30-нд тус тус буруугүй болох нь тогтоогдсон гэжээ.
Мөн буруутгагдан шалгагдаж байгаа хэргүүдийнх нь дээд тал нь дөрвөн сар хорих хуулийн заалттай байгаа ч, өдгөө түүнийг ес дэх сардаа хориод байгаа юм байна. Гэтэл тэрбээр ийнхүү буруугүй нь тогтоогдчихоод байхад өөрийг нь яагаад суллахгүй байгаа талаар болон суллаж өгөхийг хүссэн аж.
Харин Хүний эрхийн үндэсний комисс энэ тал дээр ямар нэгэн байр суурь өнөөдрийг хүртэл илэрхийлээгүй байгаа аж. Ямартай ч Хүний эрхийн үндэсний комисс гэх байгууллага түүний илгээсэн захидлын гомдлын мөрөөр шалгах юм бол хуулийн дагуу 30 хоног шаардлагатай ба түүнээс ч дээш хугацаа орох аж.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна