
Гадаадын кинон дээр л гардаг “гар хөл”-үүд манайд ер нь байдаг уу? Байсан ч бид анзаараагүй, эсвэл баригддаггүй байж болно. “Задгай цагаан” хочит Н.Алтанхуяг засгийг толгойлж байгаа энэ үед нэг “гар хөл” ил болох шиг. Тэрбээр сайдын талаар нийтлэл бичсэн нийтлэлч Д.Батбаярыг заналхийлэн фэйсбүүктээ пост хийж даргыгаа нам өмөөрөв.


Нохой хоол өгсөн хүнд саймшран, эрхлэн долоодог шиг өөрт нь цалин өгдөг даргадаа тал тохой татах нь ч аргагүй биз. Тэгээд ч сайдын туслах хүний өөдөөс арсалдах хэн байх билээ. С.Тамир хэмээх энэ “сайн” туслахын талаар саяхан нэг мэдээлэл гарав. Сайд туслахаа Солонгост амрахад 26 мянга гаруй ам.долларын төсөв баталсан баримт цагаан дээр хараар дурайв. Зарим хүмүүс бүр сайдын туслах болох юмсан гэж чин сэтгэлээсээ шүүрс алдана билээ.

Манай төрийн томчууд бас ч гэж ард урдаа барьдаг хэдийгээ сарын цалин харж хөхөлзүүлээд байлгүй харж үздэг бололтой юм. Сэтгүүлчдийг доторхоо цэвэрлэ гэж ил шулуухан дайрдаг цөс ихтэй “сайн” туслах энэ мэдээллийг ч мөн няцаасныг дор сийрүүлэв.

Айлгах аавтай арслангийн зулзага гэдэг шиг захын туслах хүртэл дураараа сэтгүүлчдийг чичилдэг цөвүүн цаг ирэв үү гэж хүмүүс шивэр авир хийж байна. Тушаалыг дарга өгдөг, туслах бол зүгээр эрэг шурга төдий байлтай. Тэгэхээр энэ хүний үг Н.Алтанхуягийн үг үү гэж ч харах хэсэг байна.
Нээрээ гэрийн эзэн л нохойгоо уях уу, сул тавих уу гэдгийг шийдэхээс биш нохой өөрийгөө суллана гэж байдаггүй билээ. Ерөнхий сайд маань хэдэн сэтгүүлчдээ яагаад л адлаад байна даа.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл байхгүй байна