Францын нэрт жүжигчин Жерар Депардье өөрийнхөө амьдралын хар бараан, гэнэн цайлган түүхүүдийг өгүүлсэн “Ингэж л таарлаа” хэмээх намтар номоо олны хүртээл болгосон нь дуулиан тариад байна.
ОХУ-ын иргэн болсон Жерар Депардье багадаа шарил ухаж, ижил хүйстнүүдэд үйлчилдэг байснаа номдоо илэн далангүй бичсэн гэнэ. Түүний өгүүлснээр бол эх Алис Марийе нь аборт хийлгэх гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтсэн тул Депардьед хорвоод мэндлэх аз тохиосон байна.

10 настайдаа тэрбээр 15 настай юм шиг овортой байжээ. Мөн ижил хүйстнээ сонирхогч эрчүүд түүнд байн байн санал тавих болсон тул мөнгөөр үйлчилж эхэлжээ. Тухайн үедээ дээрэмчдэд шарил ухахад нь тус болж, талийгаачдын авсанд хийсэн үнэт эдлэл, гутал зэргийг авдаг байсан ажээ.
16 настайдаа Депардье машин хулгайлсан хэргээр гурван сарын турш шоронд хоригдсон байна. Төрөлх Шаторагаасаа Парист очихдоо Депардье урьдын адил ижил хүйстнүүдэд мөнгөөр үйлчилсэн хэвээрээ байжээ. Энэ үед нэгэн “цэнхэр” баян эр түүнийг ивээлдээ авч, ирээдүйд нь үнэтэй хөрөнгө оруулалт хийж, сургуульд оруулсан гэнэ.
Парист байхдаа ч Депардье зарим үйлчлүүлэгч нарыгаа дээрэлхэн дээрэмдэж, хамаг мөнгийг нь хамдаг байж. “20 орчим насандаа би улаан цайм дээрэмчин явлаа. Зарим үйлчлүүлэгчээ шууд л дээрэмдэнэ. Би тэднийг айлган сүрдүүлж, бүх мөнгийг нь хуу хамдаг байлаа” гэж номдоо Депардье дурсчээ.
1968 онд болсон оюутнуудын хөдөлгөөн, жагсаалд Депардье оролцож, гудамжинд унтаж амарсан заримыг нь мөн дээрэмддэг байж.
Мөн тэрбээр архи дарс уухгүй бол сүүлийн үед унтаж чадахаа больсноо өгүүлжээ. Хүсвэл хоногтоо 14 шил дарсыг ч ажрахгүй уучихаад унаад өгдөг гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа дурьдсанаа номдоо мөн батлан өгүүлсэн байна.
Тэрбээр “Ганцаараа үлдээд хэвтэж байхад чихэнд түмэн муу ёрын зүйлс сонсогдох шиг болдог. Тиймээс би унтаж амрахын тулд тасартлаа уугаад, унаад өгдөг юм” гэж номдоо бичсэн ажээ.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин руу байн байн зурвас илгээж, хариу авдгаа ч бахарсан өгүүлсэн гэнэ. “Путин өсвөр насандаа яг л над шиг өөрийгөө хамгаалж, үеийнхнийхээ дунд өөрийн гэсэн байр сууриа эзлэхийн тулд эр хүн шиг тэмцэж өссөн нэгэн. Түүнд миний будлиант өсвөр нас, элдэв хэрэг төвөгт ороолцолдож өссөн минь таалагддаг байх. Тэгээд ч би түүн рүү дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлын талаар өөрийн бодлоо зурвасаар илгээдэг. Эхлээд франц хэл дээрээ биччихээд орос руу хөрвүүлчихээд л явуулчихдаг. Миний зурвасууд Путиныг хөгжөөдөг биз. Тэр хэсэг хугацааны дараагаар надад зурвасын хариуг ирүүлдэг юм” хэмээн Депардье өгүүлжээ.
Ийнхүү Францын кино урлагийг уналтад орчихоод байхад нуруун дээрээ үүрч гарсан гэгддэг алдарт жүжигчний намтар ном ихээхэн дуулиан тариад байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна