”Шүхэрт хувьсгал” цуст түүхийг давтахгүй биз!

1989 онд Хятадын төв талбай Тянь Ань Мэнд олон мянган оюутнууд жагсаж, улмаар тэднийг цэрэг танкийн хүчээр ганцхан шөнө нухчин дарсан түүх бий. Зуу гаруй оюутны аминд хүрсэн гэх тэрхүү цуст үйл явдлын маргааш Тянь Ань Мэний талбайн бүх чулуу цементийг цоо шинээр сольчихсон байсан нь алагдсан оюутнуудын цусыг олон нийтэд харуулахгүйн тулд хийсэн шуурхай алхам гэж яригддаг билээ.

Тэгвэл 25 жилийн өмнөх тэрхүү аймшигт явдлаас хойш анх удаагаа Хятадын төр засаг томоохон эсэргүүцэл, жагсаал цуглаантай дахин тулаад байна. Энэ бол Хонгконгийн “Шүхэрт хувьсгал” юм. Хятадын хүчний байгууллагынхны хэрэглэж буй перцнээс өөрсдийгөө хамгаалахын тул жагсагчдын ихэнх нь дэлгэсэн шүхэр хэрэглэж буй тул “Шүхэрт хувьсгал” гэж нэрийг аваад буй юм.

“Шүхэрт хувьсгал”-ын гол зорилго нь 2017 онд болох сонгуульд Хонгконгийн ард түмэн өөрсдөө шууд эрхтэйгээр сонголт хийх явдал юм. Гэтэл Хятадын төр засгийн зүгээс тухайн сонгуульд Бээжингээс хүлээн зөвшөөрөгдсөн гурван нэр дэвшигчдээс л хонгконгчууд сонгох ёстой болчихоод байгаа билээ. 1997 онд Хятадын төр засаг Хонгконгийг Их Британийн мэдлээс авч, эргүүлэн нэгтгэхдээ гадаад харилцаа, батлан хамгаалах зэвсэгт хүчний эрх мэдлийг бүрэн аваад бусад эрхийг нь хонгконгчуудад бүрэн үлдээсэн юм. Гэлээ ч Их Британи болон БНХАУ-ын 1997 онд хийсэн гэрээний дагуу 2017 оны сонгуулиас эхлэн Хятад Хонгконгийн удирдагчийг сонгоход шууд нөлөө үзүүлэх боломж нээгдэж буй юм. Харин Хонгконгийн иргэд өөрсдөө хүссэн тооны хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлж, шууд сонгууль явуулах эрхийн төлөө тэмцэж байна.

Гэхдээ өрнө, дорныг холбосон, дэлхийн худалдааны хамгийн том төвүүдийн нэгд тооцогддог Хонгконг нь түүхэндээ тусгаар улс байсан удаагүй. Түүхийн явцад тэд Япон, Их Британи болон Хятадын колони байсаар ирсэн. Одоо харин тэд тусгаар тогтнолын төлөө тэмцэж, үг, үзэл бодлоо илэрхийлэх болоод байна.

Хонгконгт жагсаал цуглаан байнга болдог тул эхэндээ Хятадын удирдлага “Шүхэрт хувьсгал”-ыг олныг хамарсан том тэмцэл болно гэж төсөөлөөгүй байж болох юм. Татварыг багасгах, зам тээврийн асуудлыг нааштайгаар шийдэх гэх мэт асуудлаар хонгконгчууд жагсаж, тэмцэж байсан. Харин тусгаар тогтнолын төлөө жагсаал цуглаан хийж, түүнийхээ төлөө ийм олуулаа тэмцэж, дэлхийн чихэнд хүргэсэн нь үгүй.

1997 онд Хонгконгийг Хятадын мэдэлд эргүүлэн өгснөөс хойш Хятадын Хонгконг хэмээн нэрлэх болсон билээ. Гэвч тэд зарим тал дээр бүрэн эрхтэй хэвээрээ. Жишээлбэл, олимп зэрэг тэмцээн уралдаанд тэд Хонгконгийн нэр дээр, тусдаа далбаа, сүлдтэй оролцох эрхтэйгээ байгаа. Харин одоо үүнийгээ бүрэн жинхлэхийг хүссэн хэрэг.

Эхэндээ жагсаалд хэдэн зуун оюутан ирж байж. Гэвч дараагаар нь Occupy Central бүлгийнхэн нэмэгдснээр жагсагчдын тоо аажмаар өсчээ. Мөн цагдаа хүчнийхэн жагсагчдын эсрэг перц, нулимс асгаруулагч, бороохой ашиглаж, олон жагсагчдыг баривчилж эхэлсэн нь хонгконгчуудын дургүйцлийг төрүүлж, жагсагчдын тоо нэмэгдсээр одоо 100 мянган орчим болсон гэсэн мэдээлэл байна.

Хятадын төр засгийн зүгээс жагсагчидтэй Тянь Ань Мэний талбайд болсон явдал зэрлэгээр нухчин дарж болохгүйг ойлгож байгаа биз. Учир нь Хонгконгийн энэ жагсагчдад хүч хэрэглэвэл дараа нь тэдний мэдэлд бүрэн орохоо хүлээж буй Тайваний иргэд мөн тэмцэл өрнүүлж эхлэх аюул бий ажээ. Тэгээд ч дэлхий дахин Хятадад болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна.

Гэхдээ л Хятадын төр засаг жагсаал цуглааныг газар авахуулахгүйн тулд эхний арга хэмжээгээ авч, Хонгконгт инстаграмыг хорьж, улмаар хэд хэдэн нийгмийн сүлжээг хаагаад байна. Энэ нь жагсагчдын уур хилэнг улам нэмэгдүүлээд байгаа юм.

Хятадын төр засгийн зүгээс “Хонгконгийн асуудал бол Хятад улсын дотоод асуудал. Тиймээс бусад улсууд үүнийг хамаарах хэрэггүй” гэсэн мэдэгдэл хийчихээд байгаа. Үүнийг хойд хөрш Оросын Холбооны Улс дэмжиж буй юм. Учир нь Украины асуудалд Хятадын төр засаг төвийг сахьсан байр сууринаас хандсан тул оросууд ч мөн тийм хариу Хонгконгийн асуудал дээр баримтлахаас аргагүйд хүрсэн.

Хонкгонгийн “Шүхэрт хувьсгал”-д америкчуудын нөлөө байж болзошгүй гэсэн хардлага бий. Гэхдээ “Шүхэрт хувьсгал”-ыг америкчууд санхүүжүүлж буй гэсэн үг биш харин тэнд ажилладаг америкчууд үргэлж эрх чөлөө, тусгаар байдлын тухай лекц  яриа хийдгээс гадна фэйсбүүк, твиттер, гүүгл, ю-туб зэрэг дэлхий нийтийг хамарсан сүлжээг Хятадад хорьдог нь эрх чөлөөг нь боогдуулсан явдал гэж байнга ойлгуулдагт оршиж байна гэж зарим олон улсын тоймчид үзэж буй ажээ.

Мөн Хонгконг дэлхийн хэмжээний хэд хэдэн том банкуудын төв оршдог. Тиймээс Хонгконгтой хүчээр харилцаж, нухчин дарах боломж хятадуудын хувьд бэрх юм. Тэгээд ч энд болж буй үйл явдлаас болж гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Хонгконгт очихоос болгоомжлох болсон талаар мэдээлэл эхнээсээ цацагдаж эхэлсэн байна.

Жагсагчид шууд сонгуулийг шаардаж буйгаас гадна өөр нэг шаардлага тавьж буй нь Хятадын тусгай захиргааны бүс гэгддэг Хонгконгийн ерөнхий даргын албан тушаал Лян Жэньинийг огцруулах юм.

Өнгөрсөн мягмар гаригт Лян Жэньин жагсагчдад хандаж, 15 минутын мэдэгдэл хийсэн.

“Энэ явдал Хонгконгийн нэр төрд толбо суулгаж байна. Жагсаал цуглаан хяналтаас гарах шинж тэмдэг илэрвэл Occupy Central-ийнхан тэр даруй жагсаалыг тараана гэж амласан. Төр засгийн зүгээс асуудлыг эвээр, зөвшилцлөөр шийдэхийг хичээж байна” гэж Лян Жэньин мэдэгдээд өөрөө албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаагаа хэлсэн юм.

Харин Occupy Central-ийн тэргүүлэгчдийн нэг Чан Кинман цагдаа хүчнийхэн жагсагчдын эсрэг резинэн сум хэрэглэж эхэлбэл жагсаалыг тараана гэдгээ хэлсэн байна.

“Энэ бол үхэл амьдралын асуудал. Хэрвээ жагсагчдын аминд халтай байдал үүсвэл тэр даруй тараахаас аргагүй” гэж Чан Кинман өгүүлжээ.

Ийнхүү 30 хэмийн халуунаас өөрсдийгөө хамгаалах гэж шүхэр барьж гэрээсээ гарсан жагсагчид цагдаа хүчнийхний перцнээс шүхрээр биеэ хамгаалснаар “Шүхэрт хувьсгал” нэрийг авч, улмаар Ерөнхий даргаа өөрсдөө сонгох эрхийн төлөө тэмцсээр байна.

 

М.Мөнхжин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025