Тэгэхэд Х.Тэмүүжин яалаа!

Х.Тэмүүжин сайд залуухан бүсгүйтэй амрагласан эсэх тухай дуулиан дэгдээд намжиж байх шиг. Тэгвэл Их Британид бас нэгэн сайд нь залуухан бүсгүйд нүцгэн зургаа илгээгээд “баригдсандаа” өөрөө албан тушаалаасаа огцорчихоод байна. Тэр сайд залуухан бүсгүйтэй “унтаагүй”, бас мөнгө төгрөгөөр ивээн тэтгээгүй зүгээр л нийгмийн сүлжээгээр нүцгэн зургаа илгээсэн ажээ. Тэгсэн хэрнээ л ичих булчирхай нь ажиллаж, ажлаа өгсөн юм байна.

Их Британийн нийгмийн хамгааллын сайд Брук Ньюмарк хэмээх 56 настай эрийг нэгэн хэвлэлийнхэн туршиж үзжээ. Хэвлэлийнхэн Шведийн нэгэн загвар өмсөгчийн зургийг ашиглан “Софи Уиттамс” хэмээх хаяг үүсгэн, 20 настай бүсгүй болж Брук руу “хандруулсан” аж. Брук эхэндээ бага зэрэг болгоомжилж байснаа сүүлдээ эхнэр, таван хүүхэдтэй өрхийн тэргүүн гэдгээ мартаж, эр хүн гэдгээ илүүтэй санаж, элдэв янзын нүцгэн зургаа явуулах болсон байна.

Тэр зургуудыг нь хэвлэлд нийтэлж, сайдын хэрхэн “эр хүний ноён нуруугаа хугалсан”-ыг нь цацаж орхих нь тэр. Үүний дараагаар Ньюмарк хэвлэлд хэдхэн үг хэлсэн нь “Би тэнэг” гэжээ. Ингээд 56 настай Брук Ньюмарк өөрийн дураар огцрох өргөдлөө өгч, албан тушаалаасаа буусан байна.

Гэвч зарим улстөрчид “Ньюмарк огцрох хэрэггүй байсан юм. Энэ бол хэвлэлийнхний илт турхиралт. Тэр бүсгүйтэй уулзаагүй зүгээр л харилцан ойлголцсны үндсэн дээр зургаа солилцсон. Энэ бол насанд хүрсэн хүмүүсийн дунд байх л харилцаа. Харин ч хэвлэлийнхнийг шүүхэд өгөх ёстой” гэж үзсэн байна.

Харин Брук Ньюмаркийн эхнэр болон хүүхдүүд энэ дуулианыг хэрхэн хүлээн авсан нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

М.Мөнхжин

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025