Түмний төлөө төрийг түшнэ гэж тодорч гарч ирдэг улстөрчид олон. Харин тэдгээрээс жинхэнэ хэлсэндээ хүрдэг нь хэд билээ гээд харахаар хэцүү л дээ. Гэсэн ч тэднийг улстөрийн талбараас юу юугүй үлдэн хөөчих хэмжээний “нөөц”үгүй мэт хараад, итгээд дадчихсан олон нийт энэ нийгэмд байж байгааг тодотгох хэрэгтэй болов уу. Түүнчлэн нөгөөх л байдаг хэдийн маань үргэлжлэл болсон үр хүүхдүүд нь улстөрийн талбар дахь орон зайг нь хүртэл залгамжлан авч үлдэх хэмжээний алхмуудыг хийдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгэхдээ бас ч гэж яахав ээ. Нэр сүртэй, бэл чинээтэй улстөрчдийн охид, хөвгүүд гээд брэнд, трэнд хөөж явахаас илүүтэй нийгмийн идэвхтэй царайлж байдаг нь боломжийн л “хэлбэр” юм. Тэгвэл бид энэ удаа улстөрч эрчүүдийн бахархал болсон охидуудын тухай өгүүлэх гэж байна. Мисс, модель бүсгүйчүүд шиг хөлийнхөө улыг эргэтэл дэлгүүр хэсч, үзэгдэх байдалдаа хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй оюуны хөрөнгө оруулалтыг илүүд үздэг охидуудын тухай гэхэд болох юм л даа. Уншигч та тэдэнтэй “товч” танилц!
М.Энхсайханы “характер”-тай охин
М.Энхсайхан улстөрийн тогооноос гарсан мэт үзэгдэж үзсэн. Хэрэг дээрээ бол тэр идэвхтэй яваа. Сайн, муу элдвээрээ хэлүүлсэн энэ эрхмийн хувьд олны зүгээс ирэх магтаал, зэмлэлийн аль алинд нь дөчирсөн мэт харагддаг. Тэгвэл М.Энхсайханд зайлшгүй хэлэх нэг магтаал нь үр хүүхдийнхээ мэдлэг боловсрол, хүмүүжилд оруулсан хөрөнгө оруулалт юм.

Түүний анхны эхнэрээс төрсөн том охин Э.Хонгорзул нь төлөвшил, боловсролын цараагаараа үеийн бүсгүйчүүдээ тэргүүлдэг. Үзэмж төрхийн хувьд ч тун аятайхан бүсгүй тэрбээр гадаадад боловсрол эзэмшсэн. Тэр бусад шиг элдэв шоу цэнгээн, наргиан сэлтэд автаад байдаггүй. Өөртэй итгэлтэй, хүчтэй характертай нэгэн гэдэг. Бүр найз нөхөдтэйгөө ч ховор уулздаг гэж байгаа. Хувь, хувьсгалын асуудалд айхтар зааг барьдаг тэрбээр “Оюутолгой”-д хариуцлагатай алба хашиж байсан юм. Тэр өдгөө нөхөр, гурван хүүхдийнхээ хамт Сингапурт амьдарч буй. Түүний ойрын хүмүүсийн хэлж буйгаар тэр нэг их удахгүй нутагтаа эргэн ирж, нийгмийн идэвхээ нэмэх санаатай гэнэ лээ.
Х.Баттулгын бахархал
Сайд асан Х.Баттулгын хүүхдүүд дунд сайн нэртэй нь ч, саар нэртэй нь ч бий. Түүний том хүү Б.Жавхлан аавынхаа чихийг нэлээд халууцуулдаг бол охин Б.Номин нь аавын бахархал болсон охин гэнэ лээ. Хуримаа хийж, аавыгаа уйлуулсан тэрбээр Сингапурт суралцаж байгаа юм. Царай зүс, сурч мэдсэнээрээ бусдын хойно гишгээд байхгүй тэрбээр “Цон¬жин болдог” цогцолбор доторх аварга монгол гут¬лыг урласан нэгэн. Тэгээд тэрхүү аварга том гутлаа Гиннесийн номонд бүрт¬гүүлсэн Монгол охин юм.
Ардчилсан намаа "Fuck you"
Нэгэн цагт улсын хаан мэт эрх дархтай явсан экс ерөнхийлөгч Н.Энхбаярын өөдөөс зөвхөн У.Хүрэлсүх л аймшиггүйгээр үг сөргөж, дуулиан дэгдээж байсан цаг саяхан даа. “Монгол төр, МАХН-ыг танай авгай удирддаг юмуу, та удирддаг юмуу” гэж ирээд намынхаа даргыг олны нүдэн дээр түлж байсан У.Хүрэлсүх улстөрд эргэн ирж байгаа билээ.

Тэгвэл цөс ихт аавын охин Х.Номундарьд энэ засгийн газрын, эрх баригчдын үйл ажиллагаа огт таалагдахгүй байгаа гэдгээ илэрхийлж цахим хуудсандаа “Ардчилсан намаа "Fuck you" гэж бичсэн байсан. АНУ-д боловсрол эзэмшсэн Х.Номундарийг авьяасаараа гайхагддаг нэгэн гэдэг. Манай дарга нар хүүхдүүдээ эрдмийн мөр хөөлгөн, English-тэй болгоход ихээхэн анхаарч хаа хамаагүй гадагш явуулчихаад монгол хэл, монгол соёлоо өвлүүлж үлдээх тал дээр ач холбогдол өгдөггүй нийтлэг алдаатай.
Тэгвэл Х.Номундарийн хувьд монголоо мартаагүйгээр барахгүй бичиж, нийтлэх төрөлхийн авьяасаараа хүмүүст их хүрээд байгаа юм. Ямартаа л түүнийг сэтгүүлч болохгүй яагаа вэ гэсэн сэтгэгдлийг хүмүүс цөөнгүй үлдээсэн харагддаг. Ааваасаа дутахааргүй олны танил болсон У.Номундарь ээж болоод удаагүй байгаа. Тэр аавынхаа туслах залуутай гэр бүл болсон билээ.
“Фортуна”-гийн Б.Жаргалан
Эдийн засгийн хөгжлийн алдарт сайд Н.Батбаяр хоёр охинтой. Том охин Б.Жаргалан нь 68 хувийн татварыг анх санаачилсан хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур. “Занаду арт” галерей, “Ес 76” сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан Б.Жаргалан Архангайн АН-ын идэвхтэй гишүүдийн нэг. Аавынхаа шийрийг улс төрд хатаахаар бүрэн шийдсэн бүсгүй гэвэл түүнийг л хэлнэ. Харин бага охин Б.Хулан нь энгийн даруухан охин байдаг. Саяхан Шангрилагийн нэг давхарт брэндийн дэлгүүрийнхээ үүд хаалгаа нээж улстөрд биш бизнесийн салбарт ханцуй шамлаад буй нэгэн юм.
Д.Лүндээ гишүүний нууцлаг охин
Сайн улстөрчөөс гадна шаггүй найрагч гишүүн Д.Лүндээжанцан зургаан төрийн нүүр үзсэн мэргэжлийн парламентич гэхэд болно доо. Гэр бүлээрээ хуулийн чиглэлд хүчин зүтгэдэг Д.Лүндээ гишүүний охин Л.Дэжидмаа гэж аавынхаа шийрийг хатаах охин бий.
МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийг Герман хэлний багш орчуулагч мэргэжлээр төгсөж, үргэлжлүүлэн ХБНГУ-ын Бонн хотын их сургуулийн Хуулийн факультетийг дүүргэсэн тэрбээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хуулийн төсөлд ажиллахаас гадна “Шихихутуг” дээд сургуулиа ээжтэйгээ хамт удирдан ажиллуулдаг байна. Хувийн амьдралын тухайд мөн л улстөрч залууг сонгосон тэрбээр цаашдаа улстөрд орох сонирхолтой гэсэн.
Улстөрч аавын үлгэр жишээ болсон охидуудын заримыг товч танилцуулахад ийм байна. Нас залуу цус шингэн ч гэлээ ирээдүйн лидерүүд болох их итгэлтэй, зүтгэлтэй, үг болоод үйлдэл нь зөв ийм охидууд байхад эсрэгээрээ эцэг эхийнхээ нэр сүрийг уландаа гишгэсэн саар нэртэй хүүхдүүд ч бас байх. Тэдний тухай өгүүлэх болно.
Д.Цэгц
Сэтгэгдэл байхгүй байна