Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ удаагийн Азийн наадамд урьд жилүүдээс илүү амжилттай оролцож байгаа. Сагсан бөмбөг сонирхдог залуус төдийгүй монголоо гэсэн сэтгэл зүрх нэгтэй бүх хүмүүс нэгдэж баг тамирчдаа уухайлан дэмжиж байгаа билээ. Тэгвэл АНУ-ын Небраска мужийн Вейн хотод ажиллаж, сурч байгаа монгол залуучууд улсынхаа сагсан бөмбөгийн шигшээ багийнханд зориулан хандив цуглуулах аян эхлүүлжээ. Тэд “Go fund me” буюу “Намайг санхүүжүүл” гэсэн нэртэй цахим сайтад нэгджээ. Энэ сайт нь хувь хүмүүсийг хамгийн олноор нь цуглуулсан, интернет дэх дэлхийн хамгийн өргөн сүлжээтэй хандивын сан аж. Энэ ажлыг санаачилсан залуус “Монголын баг тамирчид мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн гэдгээ харуулсаар байгаа боловч олон улсын тэмцээн, уралдаанд оролцоход нь тэр бүр спонсор олддоггүй. Бидний эхлүүлсэн энэ ажил шигшээ багийнханд маань бага ч гэсэн тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэж байна. Хандивыг http://www.gofundme.com/dnsv5g) хаягаар орж өгч болох бөгөөд Монголынхоо сагсан бөмбөгчдөд хандив өргөсөн хүн бүрийн нэрийг нийтэд зарлаж харуулах гэнэ.
Л.Номин
Сэтгэгдэл байхгүй байна