
Олон улсын хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй зургаан компанийн захирлаар давхар ажилладаг, арваад компани хөрөнгийн бирж дээр гаргаж байсан туршлагатай Matthew Wood хэмээх Австрали түнштэйгээ нийлэн чамгүй амжилтанд хүрсэн “Хүннү коал”-ын Т.Лхагвадоржийг мэдэх хүмүүс нь мэддэг болсон биз ээ. Тэгвэл тэрбээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч болохоор нэр бүхий гурван эрхэмтэй өрсөлдөж байгаа юм байна. Уул уурхайгаас төрсөн шинэ хөрөнгөтнүүдийн нэг тэрбээр Монголд хөлбөмбөгийн спорт хөгжөөсэй гэсэн хүсэл тээж ирсэн гэх. Бизнесийн талбарт амжилт гаргасан тэрбээр холбооны ерөнхийлөгчөөр суувал нэлээдийг хийх байх хэмээн хэлэх хүмүүс ч байна.
Түүний бизнесийн талаар өгүүлэхэд, Mongolian Mining Corporation-ыг Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргахаас найман сарын өмнө Монгол захиралтай компани олон улсын хөрөнгийн зах зээлээс 20 сая доллар босгосон таатай үйл явдал болж байсан билээ. Тэгвэл тэр монгол захирал нь гадаадын хөрөнгө оруулагчдад George Tumur хэмээх нэрээр хэдийнэ танигдсан Т.Лхагвадорж байв. Тэрчлэн “Хүннү коал” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчид нь Matthew Wood, Т.Лхагвадорж хоёр. Амжилттай IPO хийж, зах зээлийн үнэлгээ нь улам бүр өсч байгаа “Хүннү коал” компанийг Австралийн уул уурхайн “Resourcestocks” сэтгүүл шилдэг компаниар нэрлэж байснаас үзэхэд хөрөнгө оруулагчид амжилттай яваа нь харагдана. “Хүннү коал” компани нөөцийг нь тогтоосон орд газруудаа ашиглалтад оруулахын тулд олон талын судалгаа хийж байгаа гэсэн.

Тухайлбал, Өмнөговь дахь Цант-Уул нүүрсний уурхайн ашиглалтын лицензийг авчихаад байгаа. Тэгэхээр тус компани зөвхөн хайгуулын бус ашиглалт руу орж, монголын нүүрсийг экспортлогчдын нэг болж байна. Т.Лхагвадорж эрхмийн тухайд өгүүлэхэд “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет”, “Энержи ресурс” зэрэг монголын уул уурхайн салбар дахь томоохон бүтээн байгуулалтын ажлуудад хувь нэмрээ оруулж явсан нэгэн. Түүнд “Энержи Ресурс”-ын Гүйцэтгэх захирлаар ажиллах санал ирсэн ч, тэр өөрийн түнштэйгээ нийлэн, өөрийн компаниа байгуулахыг илүүд үзсэн байдаг.Тэр “Хүннү коал”-аас гадна алт, зэсийн “Вояжер ресорсез” компанийн захирлын албыг давхар хашдаг. Matthew Wood нь хэд хэдэн компанийн захирлын албыг хашдаг шиг, тэр ч бас тэгэх болов уу. Дашрамд өгүүлэхэд түүнтэй холбоотой саар мэдээлэл ч бий. Түүнийг Matthew Wood хэмээх боловсон “луйварчин”-тай нийлэн монголчуудаа луйвардаж байна гэх хүмүүс бас байдаг.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна