
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нялх амраг гэх тодотголтой Г.Сарангэрэлийг Х.Гэрэл гэх охин зохиомлоор хэрэгт татан оролцуулсан гэх мэдээлэл гараад байгаа. Хар тамхи гэж юмыг амьдралдаа харж байгаагүй, Х.Тэмүүжин гэдэг ахыг танина, танихгүй гэхчлэн барьцгүй зүйлсийг хэлж ярьдаг гэдгээрээ олонд танигдсан Г.Сарангэрэл гэж ер нь яг хэн бэ гэдэг нь бүрэн дүүрэн тодорхой болох хүртэл зай ч бий биз. Ямартай ч түүний өмгөөлөгч Г.Батбаяр энэ талаар хэвлэлд ярихдаа “...Г.Сарангэрэлийг хар тамхины хэргээр саатуулсан хэрнээ мөрдөн байцаалтын явцад хар тамхины хэргээс илүүтэй тодорхой нэгэн албан тушаалтантай холбогдуулах гэж оролдоод байсан нь анхаарал татаж байсан. Энэ нь Г.Сарангэрэлийн хэргийг зохиомол байж болзошгүй гэх хардлагыг зайлшгүй төрүүлсэн л дээ. Хар тамхи хэрэглэсэн гэдэг нь нотлогдохгүй байхад Х.Гэрэл би хэрэглэсэн гээд өөрөө хэрэг хүлээгээд, Г.Сарангэрэлийн тухай хэрэгт холбогдолгүй эсэн бусын худал мэдүүлэг өгч, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар нь ч гэсэн зөвхөн Х.Гэрэлийн мэдүүлгээр шалгаад байсан, Х.Гэрэл 1.8 жилийн хорих ял авчихаад баярлаад, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахгүй байсан зэрэг нь зохион байгуулалттай хэргийн гүйцэтгэгч нь Х.Гэрэлийг байх гэдгийг баталсан... Би Х.Гэрэлийн мэдүүлэгтэй танилцаагүй. Гэхдээ Х.Гэрэл миний үйлчлүүлэгч Г.Сарангэрэлд “Би чамайг анхнаасаа зохиомол гэмт хэрэгт унагасан...Тиймээс чи намайг уучлаарай... Хоёулаа эргээд найзууд болъё..” гэх утга бүхий захидал илгээсэн байна лээ. Х.Гэрэл тухайн үед “Би цагдаагийн байгууллагын мэдээлэгч, туслах ажилтан байсан” гэдгээ хүлээсэн гэдгийг Г.Сарангэрэл надад хэлсэн. Би ч Х.Гэрэлийг ингэж мэдүүлсэнд гайхаагүй. Угаасаа энэ хэрэгт Х.Гэрэл цагдаагийн байгууллагын мэдээлэгчийн хувиар оролцсон гэдэг нь тодорхой байсан. Энэ нь гүйцэтгэх ажлын тухай хуулийн 14.6- буюу туслагч, туслах ажилтанд хууль зөрчсөн үүрэг өгч гүйцэтгүүлсэн гүйцэтгэх ажилтныг эрх мэдлээ хэтрүүлсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байдаг. Энэ заалтын дагуу би Т.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэж өгөөч гэж ЦЕГ-т хүсэлт гаргасан. Гэвч ЦЕГ-ын Дотоод, аюулгүй байдлын хэлтэс хангалттай шалгаж өгөөгүй. Х.Гэрэл өөрөө “Би эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалантай дотно харьцаатай байсан. Би удаа дараа хар тамхи хэрэглэдэг, борлуулдаг байгаад баригдсан. Энэ үйлдэлдээ хуулийн дагуу 10-15 жилийн хорих ял авах хуулийн заалттай байсан учраас хэргээ аргалах үүднээс Т.Энх-Амгалангийн захиалгаар Г.Сарангэрэлийг энэ хэрэгт хүчээр оруулсан. Тэгээд өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны өдөр Г.Сарангэрэлийг зохиомол гэмт хэрэгт унагасан....Үүнийхээ төлөөсөнд 1.8 жилийн хорих ял авсан..” гэх утга бүхий тайлбар өгсөн байж болзошгүй байхад ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтсийнхэн ЭХ-ийн 9.1 дэхь хэсгийн “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг баримтлан шалгахийн оронд харин ч “..Гэрэлийн энэ үйлдэл нь гэмт хэрэг биш байна..” гээд миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс би хуулийнхаа дагуу ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссор С.Баатаржавд гомдол гаргана.” хэмээн ярьжээ.
Ямартай ч өмгөөлөгч нь ийнхүү гомдол гаргаж, өмгөөлүүлэгчээ өмөөрч байгаа энэ асуудал ЦЕГ-ын даргын сонорт албан ёсоор хүрч таарах нь.
М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна