
“Америкийн гоо бүсгүй-2015” уралдаанд түрүүлсэн орос гаралтай Кира Казанцевийн тухай дуулиантай мэдээлэл цацагджээ. Кира өөрийнхөө намтрыг хэвлэлийнхэнд ярихдаа “Найз залуудаа зодуулж, их шаналдаг байсан” хэмээн олонд өрөвдүүлж, хайрлуулахыг хичээсэн ч, өөрөө дутахгүй зэрлэг авиртай болох нь дэлгэгдэж эхэлжээ.
Хофстрын их сургуульд суралцаж байхдаа тэрбээр “Альфа Пхи” хэмээх бүлэглэл байгуулж, шинэ оюутан охидыг дарамталж, заримыг нь бүр зодож бэртээж байсан нь илэрчээ. Манайд “хал цэрэг, шинэ цэрэг” гэдэг ойлголт цагтаа байсан шиг Кира тийм дэглэмийг сургуулийнхаа охидын дунд тогтоохыг зорьсон тул их сургуулиасаа хөөгдсөн юм байна.

Гэхдээ Кира өөрийнх нь зэрлэг авир, сургуулиас хөөгдсөн тухай мэдээллийн талаар тайлбар хийхдээ “Энэ бол надтай гоо бүсгүйн уралдаанд өрсөлдөж ялагдсан хүмүүсийн зохиосон үлгэр. Тийм ээ, би их сургуульд нэг бүлэглэлд байсан. Гэхдээ би тэр бүлэглэлийг бий болгоогүй. Харин тэр бүлэглэлд багтахын тулд бага зэрэг чармайсан. Тэгээд ч тэр бүлэглэл охидыг зодож, гэмтээдэггүй. Зүгээр зохих хэмжээний гоо сайхны шаардлага тавьдаг юм” гэж мэдэгдсэн байна.
Харин их сургуулиасаа хөөгдсөн тухайд нь лавлахад “Би цагаа олоогүй бүтэлгүй наргиа хийснийхээ төлөө сургуулиасаа хөөгдсөн болохоос хүн зодож, танхайраагүй” гэжээ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)