
Монгол бөх гэхээр харагдах хэлбэр талаасаа хүчит эрчүүд эр бяраа гайхуулан барилддаг бол үүц агуулга талаасаа ямагт Монгол эр хүний үлгэр дуурайлал болж ирсэн хэмээн тодотгож харахад болох билээ. Гэтэл өнөөдөр бөх гэдэг үгийг сонсохоор найраа, нас намбаа үл мэдэх, ёс зүйгүй аварга биетнүүд тархинд буух болж. Ард олондоо хайрлагдан хүндлэгдэж, шагшин магтагдаж ирсэн Монгол бөхчүүдийн ах зах, дэг жаяг, цол эрэмбээ хүндлэх ёс жудаг алдагдсаар сүүлдээ, хор хутгаж, найраа хийж, араатан мэт авирлаж, нанчилдаан хийх нь хэрээс хэтэрсэн. Ер нь Монгол бөхийн ёс зүй ихээхэн доройтож яваа.
Доройтож яваа гэснээс бас нэг асуудал бол бөхчүүдийн допинг хэрэглэдэг гэх яриа. Ид сайхан барилдах насандаа яваа бөх тарианы хүчээр цойлон гарч ирэх явдал гарах болж.

Олон улсын жишигт бол допинг хэрэглэсэн тамирчны медалийг хурааж, амжилтыг хүчингүйд тооцож, уралдаанд орох эрхийг нь хүртэл хасдаг байхад манайд бол допинг хэрэглэж цолоо авчихаад, авсан цолоо хураалгалгүй, харин барилдах эрхээ хэдэн сар, ганц хоёр жилээр хасуулаад өнгөрдөг. Ингэж толгойг нь илж, өнгөрүүлсээр нөгөөдүүл нь толгойгоо илүүлсээр МҮБХ, монгол бөхчүүд өөрсдөө монгол бөхийг мөхөл рүү түлхсээр байна.

Жил бүр улсын наадмын сэргээшийн шинжилгээг БНСУ-ын шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид илгээдэг. Гэвч жил бүр хариуг нь зарлалгүй өнгөрөөдөг, зарлалгүй уддаг ёс нь тогтчихсон. Энэ жилийн баяр наадмын барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авсан хариу Солонгосоос ирсэн гэх боловч МҮБХ-н дээр ирээгүй гэдэг шалтгаанаар зарлаагүй байна. Одоогийн байдлаар гурван бөх допинг хэрэглэсэн гэх мэдээлэл гараад байгаа юм.

Өмнөх жилүүдэд допинг хэрэглэсэн гэх асуудалд улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын начин Ц.Лхагвасүрэн, улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ц.Сумъяабэйс, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Г.Алтангэрэл, улсын начин Ч.Цогбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нарын бөхчүүд холбогдоод байсан.

Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарын барилдах эрхийг хоёр жилээр, Б.Сугаржаргалын барилдах эрхийг зургаан сараар, Х.Мөнхбаатарын чимгийг хураасан гэх шийдвэр хэвлэл мэдээллээр цацагдсан. Харин цолыг нь хурааж байсан тохиолдол нэг ч үгүй юм билээ.
МҮБХ бөхчүүддээ арга хэмжээ авч чаддаггүй юмаа гэхэд ядаж шинжилгээний хариуг дарж нуулгүй, дор дор нь зарлаад байвал энэ монгол бөхчүүд өөрсдөө нэгийг бодож, айж ичих булчирхай нь ажилладаг болох юм биш үү.
Энэ бүхнийг зохицуулах ёстой нь МҮБХ ч, харамсалтай нь бөхчүүдээ залж дийлэхгүй байна. Тэгсэн мөртлөө Монгол бөхийг талцуулан хуваах үйлсэд өнгөрсөн олон жилийг зориулсан байх юм.
П.Урнаа
Сэтгэгдэл (1)