Ёстой дуунд гардаг “Арилгасан сонгино шиг арван цагаан хуруу”-тай Л.Баярсайхан эмчийг ингэж хувирна гэж яахан төсөөлөх билээ. Л.Баярсайхан цагаан халад намируулан, цагаан гараараа охид бүсгүйчүүдийг эмчлэхээс илүүтэй сүүлийн үед уул хадаар янгир ямаа мэт авирч яваа харагдах болж.
Түүний ахалдаг “Монгол Хайкин Клуб”-ын баг хамт олон нэг жил дөрвөн сарын хугацаанд 4000 метрээс дээш Гималай, Алпийн өндөр оргилуудад 11 дэх удаагаа гарч уулын спортын түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоосон.
Баргийн эр хүнд баймгүй түүний ялдам зөөлөн төрх ч энэ их ачаалал, аяллын дараа алга болж ёстой жинхэнэ монгол “өнгө”-тэй болсон байгаа биз. Олон Улсын Эмэгтэйчүүдийн Хавдрын Нийгэмлэгийн Гишүүн, Британийн Умайн Хүзүүний Эмгэг Судлал ба Кольпоскопийн Нийгэмлэгийн гишүүн, ОУРотари 3450-Хүрээ Ротари клубын 2005-2006 оны ерөнхийлөгч, “Даффодил” эмэгтэйчүүдийн клиникийн ерөнхий эмч, анагаахын ухааны доктор хэмээх уртаас урт цол, гуншинтай энэ эр дунд сургуулиа дүүргэсэн жилээ хуваарьгүй үлдэж баларсан түүхтэй гэдэг.
Арав төгссөн хүү оройн цагаар Богд уулын Хүүшийн амны зооринд ачигч хийдэг байж. Орос хэлтэй, бичиг үсэг гаргууд бас ч үгүй 10 жилдээ онц сурлагатан мөртлөө атаман байсан Л.Баярсайханыг бригадын ахлагчаар тавьсан гэдэг.
Шоронгоос гарсан “гарууд”-ыг ахлан хөлдүү мах, толгой цувдайг гарынхаа тамирыг алдтал шидэлж зооринд буулгана. Нэг хүн өдөрт 14 тонны нормтой байсан гэхээр бас л шаггүй ажил. Тэр хэрээрээ цалин ч мундаг авдаг байсан аж.
Хожмоо Сеченовын нэрэмжит Москва хотын Анагаах Ухааны Академийг төгссөн Л.Баярсайхан дахин ачигч хийхгүй ч гэсэн ууланд авирсан шигээ эр биеийн хүч чадлыг сорих бас ч үгүй “чөмөг”-тэй нэгэн болох нь түүний өсвөр насны амьдралын дадалтай салшгүй холбоотой бололтой.
Түүнийг гэнэтхэн эр оршихуйтай болох гэж хичээж байна гэж зарим нэг нь шивэр авир хийх ч хувь хүний амьдралын өнгөрсөн түүх, дурсамжийг сонсоод эргэлзээ нь дорхноо арилж байгаа гэсэн шүү.
Б.Уян
Сэтгэгдэл (2)