”БОЛОВСРОЛГҮЙ” ТОМЧУУД!!

Боловсролгүй гэдэг үгийг хашилтанд авсныг та анзаарсан байхаа. Манайхны жишгээр бол тэд боловсролгүй, харин албан ёсны хэллэгээр бол дипломгүй томчууд. Дипломгүй дэлхийн 10 тэрбумтны жагсаалт мөн манай зарим дээд сургууль дүүргээгүй ч амжилтад хүрсэн эрхмүүдийг бид дурандлаа. Ямар ч салбарт амжилт үзүүлэхэд ердөө итгэл, авьяас, тэмүүлэл байхад хангалттай. Энд мэргэжлийн зэрэг цол, диплом ердөө ч хамаагүй гэдэг нь эндээс харагдана.

Зураач Х.Баттулгын амьдралын зураг

Бөхчүүд бизнес эрхэлбэл тун овсгоотой, зах зээлийн мэдрэмжтэй байдаг нь богино хугацаанд оновчтой шийдвэр гаргаж ялалт байгуулдаг мэргэжлийн онцлогтой нь холбоотой хэмээн судлаачид үзсэн байдаг. Харин үүнийг нотолсон эрхэм бол ҮХААХҮ-ийн сайд, “Женко” Х.Баттулга. Монголчуудын нүүр тахалчих боловсролын үнэмлэх, дипломгүй ч бөхийн татамигаас бизнесийн салбарт шургаж амжилт бүтээл, бэл бэнчингээрээ өдгөө Монголын тэрбумтнуудын тэргүүн эгнээнд жагсаад зогсохгүй улс төрийн рингэн дээр үнэтэй, том тоглогч болж чадсан ноён “Женко” Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн. Нэг үгээр бүрэн дунд боловсролтой нэгэн. Гадаад, дотоодгүй олон арван их дээд сургууль дүүргэсэн сэхээтнүүдийн дэргэдүүр салхи сэвэлзүүлэн нисэх мэт хурдаар сайдын суудалд заларсан тэрээр хаана ч хэзээ ч дээд сургуулийн дипломгүй, боловсролгүйгээрээ дуудагдаж адлагдаж явсан удаагүй гэдэг. Яагаад гэвэл тэр хэзээ ч алдаа гаргадаггүй, хэлснээрээ хийж бүтээж яваа шийртэй аавын хүү.

Зөв тооцоололын ухаан

“Мон-Уран”-ы Б.Наранхүү бас л дипломгүй түшээ гэж байгаа. “Мон-Уран” компани, шарга азарга хоёроороо овоглодог энэ ноёнтон МУИС-ийн дэргэдэх математик, физикийн гүнзийрүүлсэн ангид гурван жил суралцаад орхисон гэдгээс өөр “баклавар”-тай тэнцэхүйц боловсрол эзэмшээгүй. Дунд сургуульд байхдаа математикийн олимпиадад алгасалгүй тэргүүлж, сургуулийнхаа хэд хэдэн удаагийн тооны аварга болж гавал толгойгоороо алдраа мандуулж явсан эрхэм гишүүн дээд сургуулийн дипломгүй гэдгээ ч ил цагаахан хэлж, түүгээр ч барахгүй дээд сургуульд сурч цаг алдаагүйдээ одоо хэр нь баярлаж явдгаа учирласан удаатай. Бизнесийн гараагаа МУИС-ийн 3-р курсын оюутан байхдаа эхлүүлсэн тэрээр амьдралынхаа “тоо”-г зөв бодож, зөв гаргалгаа хийсний хүчинд энэ зэрэгтэй нэр алдар, эд хөрөнгөтэй яваа гэх хүн олон. “Тоо бол эрэл хайгуул. Тэр нууцлаг зүйлийн зөв хариуг олох гэдэг амьдралын утга учир олсонтой дүйх юм”. Тэгвэл дипломгүй боловсорсон эрийн эрэл хайгуулын үр дүнд гарсан хариу, тооцоолол та бүхний өмнө бүхэл бүтэн роман бүтээхүйц их намтар түүхтэй оршиж буй. Дипломгүй Б.Наранхүү Монголын тэргүүн баяны нэг болж чадсан нь ердөө л түүний амьдралын ухаан, зөв зам, зөв тооцоолол, хүч хөдөлмөрийн үр шим гэлтэй.

Урт үстийн уран найруулал

Шоу ертөнцөд тод үсгээр тэмдэглэгддэг ноёдын нэг бол “On&Off” продакшны захирал С.Ононбат. Монголын анхны клипийг хийж, анхны шоу тоглолтыг зохион байгуулж шоу бизнесийн ертөнцөд олон зүйлд анхдагчдын шанг татсан энэ эр угийн урлаг, уран сайханд элэгтэй байсан төдийгүй найруулагч ээжийнхээ нөлөөгөөр энэ салбарт орсон гэдэг. Харин түүний хувьд мэргэжил эзэмшиж, диплом өвөрлөөгүйгээ хаана ч, хэнээс ч нуудаггүй. Рок попынхон дундаа урт үст уран найруулагчаараа алдаршсан өндөр сэтгэлгээтэй, авьяастай найруулагчийг манайхан “Цэнхэр дэлгэц” цуврал бүтээлээр нь сайн мэдэх билээ.

 

 

 

 

Хоолой бол түүний диплом

Зууны манлай хатагтай мөн л сургуулиа дүүргэж чадалгүй замаасаа буцсанаар дипломгүй “товаришуудын” эгнээнд таваргах болсон. Гэхдээ ямар сургууль төгссөн нь чухал биш. Хэн юу чаддаг нь чухал гэдгийг бодит амьдрал дээр тод томруунаар харуулж, өөрийн орон зайг бататгаж чадсан Зууны манлай Б.Сарантуяа Ховд аймгийн ХАА-н дунд сургуульд оюутан болсон ч хувь заяаны зөрөг зам дээр сэтгэл, авьяастаа хөтлөгдөн их урлагт урвасан түүхтэйг бид андахгүй. Хожмоо тус сургууль поп хатагтайд мэргэжлийн дипломыг нь нэхэн өгсөн билээ. Орос ээж, монгол аавын охин тэрээр орос хэлний сургалттай дунд сургууль дүүргэсэн бөгөөд бүр хожим СУИС-ийн дуулаачийн ангид элсэн орсон ч хичээлдээ ирдэггүйгээс болж хөөгдсөн хэмээн нэгэн үе шуугиж байсан. Авьяас нь аархаж, алдар хүнд нь багтаж ядаж байсан тэр үед сургууль соёл манатай байсан гэх хүн ч таардаг. Ямартаа ч өөрийгөө гоёчилж өнгөрсөн амьдрал, хайр дурлалдаа нэг их нэмэлт чимэг хийгээд байдаггүй гавьяат маань дипломгүй ч гэлээ эрин үеийнхээ эмэгтэй дуучид дундаа тэргүүнд гялалзах сор нь билээ.

Гэнэт цоорсон Кёкшюүзан

Экс гишүүн, их сумоч Кёкшюүзан.Д.Батбаяр идэр залуу насаа барилдаж ноцолдохоос өөр зүйлд зориулалгүй улмаар сумочдын шанг татснаар ямар нэгэн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжилгүй өнгөрсөн. Мэргэжил, боловсролгүй ч гэлээ барилдах ухаанаараа мэхний их дэлгүүр хэмээгдэж, мандан бадарч явахдаа зодог тайлж эх орон, элгэн саднаа зорин ирэхдээ, хэмжээлшгүй их мэдлэг, хэзээнийх нь мэдэгдэхгүй диплом өвөрлөн улс төрд орж ирсэн. Мэдлэгээр бус мөнгөөрөө олон дипломтой болсон гэж хавь ойрынхон шивнэлддэг ч мань хүн хэзээ ч бууж өгч байсангүй. Улс төрд ороогүй бол мань эр үүнийгээ хаана ч нуухгүй байсан биз. Ямартаа л их хуралд өрсөлдөхөөр пиараа хийж байхдаа, та дээд боловсрол эзэмшсэн үү гэх сэтгүүлчийн асуултанд хариулах зуураа сандарч түгдчин хажуу дахь туслахаасаа “...нөгөө сургуулийн чинь нэр юу билээ” гэж асууж байсан гэх явган яриа ч бий. Хэдийгээр дээд боловсролын  дипломгүй ч Д.Батбаяр арлын орныг монгол залуус эзлэх анхдагч, гүүр болсон түүхэн гавьяатай. Бөхийн карьерыг боловсрол нимгэн толйгойгоор хийдэггүй гэдэг байх аа.

Харин улс төрчийнхөө тухайд гавьтай хийж хэрэгжүүлсэн зүйлгүй, бие даан санаачилсан хуульгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан болохоор тун ч тааруухан үнэлгээ авна.

Мөнхийн залуу Э.Одгэрэлийн ам тангараг

Дунд сургуулийн боловсролтой мөнхийн залуу тодотголтой топ Э.Одгэрэлийг “Халдвар судлал”-ын угаагч хийдэг байхад нь “Донж”-ийн Б.Төгөлдөр агсан, дизайнер Н.Соёлмаа нар загварын тайзнаа хөтөлж оруулсан түүхтэй. Анхлан “Шилмэл загварын ордон”-д угаагчаас бичээч рүү дэвшин ажиллаж загварын тайзнаа алхам алхмаар ойртсоор өнөөгийнхөө өндөрлөгт хүрч ирсэн замналтай. Эмнэлгийн угаагчаас загварын тайзнаа гялалзаж од, мөнхийн залуу, топ модель өргөмжлөлийн эзэн болсон түүнд дээд сургууль төгсөх зав чөлөө ч гараагүй, сонирхол ч байгаагүй биз ээ. Харин Монголын анхны сэтгэлзүйч Санжжав агсаны бэр болж, гал голомтонд нь багтахад топ хатагтайн энэ статус тун ч их гай болж байсан гэдэг. Тиймдээ ч охиныхоо ааваас өрх тусгаарлаж, өөрийн замаар амьдрахыг илүүд үзсэн биз. Харин газар дээрх ганц охиныхоо боловсрол мэдлэгт ихээхэн анхааръя гэж хичээдгийнх биз, Плехановын нэрэмжит дунд сургуулиас авахуулаад Рояал академи хүртэл сурдаг охин бий.

 

 

 

 

 

 

Мисс бүсгүй мундаг олон мэргэжил

Их дээд сургууль энэ тэрд орж цаг заваа үрэхийг хүсдэггүй хүн байхад эсрэгээрээ чухам түүнийг чухалчилж, хэдэн арван сургуулийн босго алхсан ч дипломгүй үлдсэн хүн жижигхэн Монголд бас “жигтэйхэн” их байнаа. Тэднээс олны танил онцгой томоохон төлөөллүүдийн заримаас дурдвал Ц.Мянганбаярын ээлжит ахайтан мисс Д.Ариунцэцэг тэргүүтэн байх юм. Аравдугаар ангиа дүүргээд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Япон-Англи хэлний орчуулагчийн хос мэргэжлийн ангид элсэн орсон боловч удалгүй сургуулиа орхисон Д.Ариунцэцэг ЭМШУИС-д суралцаж эмч болохоор шийдсэнээр сургууль сэлгэн нүүх гараагаа эхэлсэн гэж байгаа. Улмаар модель бүсгүйд Анагаах таалагдаагүй тул Сингапурт Хайрмаа охиноо өсгөхийн хажуугаар хэлний бэлтгэлд сурч мөн л замаасаа буцсан гэдэг. Үүний дараагаар эх орондоо Хартфорд инстутын бизнесийн удирдлагын ангид сурч эхэлсэн байна. Харамсалтай нь сурах хүсэл, сонирхол нь буурсан уу, сургуулиа орхин Удирдлагын академид элсээд нэг их удаагүй байгаа гэнэ. Харин энэ сургуулиас хэзээ гарахыг хэн ч таашгүй хэмээн ойр тойрныхон нь шивэр авирхийх юм билээ. Хамгийн сонирхолтой нь ганцхан сургуулийн төлбөрөө уйлан хайлан байж төлөх дийлэнхи хэсэг байхад Д.Ариунцэцэг яаж ийм олон сургуулийн төлбөрийг төлчихөөд төгссөн ч юмгүй тоохгүй хаяж явдаг байнаа гэж гайхах, атаархах хүн олон байдаг аж. Чадаж байгаа юманд арга байхгүй ээ гэж.

Харин ч эсрэгээрээ хамгийн олон сургууль төгссөн, хамгийн олон дипломтой мисс

Монголын сайхан бүсгүй өргөмжлөлтэй мисс Ч.Мичидмааг Монголын нэрт сийлбэрч Чуваамид гуайн охин, аваргын гэргий гэдгээр нь андахгүй. Нэртэй хүний охин, зүстэй гүүний унага гэдэг шиг Ч.Мичидмаа миссүүд дотроо хамгийн их дипломтой, төгссөн сургуулийнхаа тоогоор тэргүүлнэ. Аваргад хоёр сайхан хүү төрүүлж өгч, хажуугаар нь дээд сургуулиудын дипломыг түүх шиг болсон ч хамгийн хачирхалтай нь тодорхой хийсэн ажил, албан тушаалгүй хэмээн мисс бүсгүйг ойр дотныхон нь хэлэх юм. Тэртэй тэргүй мөнгө хөрөнгө олохдоо түүртдэггүй аварга гишүүн маань авааль гэргийгээрээ ажил хийлгэхийг хүсдэггүй юм болов уу эсвэл...

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025