Family Month, Family Grand

Намар боллоо. Есдүгээр сар бол гэр бүлийн сар юм. Хүүхэд багачууд хичээлдээ яарч, ээж аавууд өглөөд сандран бяцхан “байлдагч”-даа зөөгөөд л. Замын түгжрээ, сургууль, цэцэрлэгийн төлбөр, шинэхэн сурагчийн дүрэмт хувцасны хаданд гарсан үнэ, цэцэрлэгт хонон өнжин очерлосон бухимдал гээд асуудал толгойтой үснээс их боловч бид давсаар л ирсэн. Ийм нэгэн шантрашгүй, няцашгүй өнгө аяс, эхлэлтэй гэр бүлийн сарын мэндийг та бүхэнд хүргэе. Бид шинэхэн дугаараа гэр бүлсэг гэж тодотгосон ч болохоор дотно, дулаахан мэдрэмж төрүүлэх мэдээллүүд багтсан байна.

Дэлхийн боловсролыг эх орондоо авчирч олон олон залууст эндээ барууны боловсролыг эзэмших боломж олгож буй “Royal” академийн ерөнхий захирал, доктор Н.Учрал “Гранд би”-д уригдлаа. Нэгэн цагт Тимон нэрээр дуулж, оюутан байх хугацаандаа шилдэг оюутан, илтгэгч болж байсан түүний амьдралын түүх тун сонирхолтой байлаа.

Хонхны дуу цангинасан  есдүгээр сарын өөр нэг зочин бол “Оточ манрамба” дээд сургуулийн Гүйцэтгэх захирал, хатагтай Г.Одонцэцэг. Уламжлалт анагаах ухаанд амьдралынхаа 20 гаруй жилийг зориулж, эрдмийн ажил хийн онол, практик хослуулан ирсэн тэрээр олон сонирхолтой зүйлийг бидэнтэй хуваалцав.

Их хот бужигнаж буй энэ өдрүүдэд урлагийнхан зунжин ажилласан бүтээлээ дэлгэж эхэлж байна. Энэ өдрүүдэд “Зүрхээр наадагч” хэмээх содон нэртэй “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл үзэгчдийн хүртээл болж буй. Залуу жүжигчин А.Ганчимэг хэзээд сонирхолтой дүр байсаар ирсэн. Ээж болоод төд удалгүй уран бүтээлдээ орсон тэрээр хайр дурлалтай учирсанаас хойш ихэд нууцлаг амьдрах болсон билээ. Ойрын нэг жил хэвлэлд ам нээгээгүй ховор зочин энэ дугаарт бидний зарим эргэлзээг тайлав.

С.Жавхлан хүүтэй болж магнай тэнийн буй энэ өдрүүдэд түүний анхны гэргий Г.Долгормаа амаржсаны дараа анх удаа манай хурц дуран хараанд өртөв. Сүүн цагаан хуримууд сэтгэл догдлуулсан энэ торгон мөчид “Эрэл”-ийн Ц.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүжингийн Лас Вегас хурим, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан, ҮШН-нийн Б.Цоггэрэл нар ураг барилдсан содон хуримуудыг бид онцлов.

Эрдмийн баярын өдөр Монголын элитүүд ээж, аавын үүргээ биелүүлсэн гэр бүлсэг содон агшин мөн энэ дугаарт багтлаа.

Гэр бүл салалт, хоёр, гурваар тогтохгүй эхнэрийн марафон, сүүлдээ нэг эцэгтэй хүүхдүүд үнэтэй сургуульд зэргэлдээ ангид суралцах болсон нийгмийн гажуудлын нөгөө талд үлгэр жишээ гэр бүлүүд олон бий. Энэ нийгэмд бие биедээ түшиг болж, зиндаархаж амьдарч буй элит хосуудыг бид та бүхэнд сорчлон хүргэж байна. Уламжлал ёсоор өнгөрсөн наймдугаар сарын тойм, сонин содон мэдээлэл багтсан.

Уншигчдын хүсэн хүлээдэг “Гранд сонгодог” булан Пабло Пикассогийн амьдрал, уран бүтээлээр бэлтгэсэн эхний хэсгээ та бүхэнд хүргэж байна.

Налгар намрын өдрүүд үргэлжилж байна. Амжилт, ололт, алдаагаа засах, нэг шат ахих боломж дүүрэн өрнүүн ажлын өдрүүд эхэллээ. Өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө урам зоригтой урагшилцгаая!

Дугаарыг удирдсан Б.Ундрал

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025