Саяхан дуучин Б.Амархүү, түүний найз охин О.Ариунзул нар “Орифлейм” компаний нүүр царай болсон тухай хэвлэлээр нэг шуугиад удаагүй байхад мисс Ч.Содтуяа шинэ каталогийн нүүр царай болсон.
Европ тодотголтой “Орифлейм”-д яагаад гэнэтхэн Ази нүүр царай хэрэгтэй болов оо? Европоор ч, Азиар ч нүүр царай хийгээд Орифлейм одоо урагшлах уу гэдэг тун ч хэцүү асуудал.
Аргаа барахад аавынхаа толгойг маажна гэдэг шиг олны танил хүмүүсээр пиар хийж буй нь энэ бололтой. Ингэхэд чухам реклам хэрэггүй, үүнд зарах мөнгөө үнэнч гишүүддээ зориулдаг гэсэн яалаа даа. Эцсийн эцэст реклам л тэднийг аварна гэж тооцоолсон бололтой.
Манайхан дунд Орифлеймийг мэддэггүй, хэрэглэдэггүй хүн гэж байгаагүй цаг саяхан. Европоос гаралтай эдний бүтээгдэхүүн Ази руу бас түрж орсон. Гэвч одоо байдал эсрэгээрээ. Наян настай “чавка”-гаас, найман настай балчирууд хүртэл хэрэглэдэг байсан цаг ард хоцроод ирэхийн цагт “Орифлейм”-чид оюутнуудын тархийг угааж суух болсон гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй.
Их дээд сургуульд сураад ямар ч нэмэргүй, гагцхүү өөрөө эхлээд “Орифлейм”-д элсчих, дараа нь гишүүн элсүүлэх маягаар захиалагчдийн тоог нэмээд л, нэмээд л байхад тун ч амархан саятан болчихдог тухай лекц урсгаж суудаг болсон.
Яс юман дээрээ “Орифлейм”-ээс Монголд ганц ч “сохор зоос”-ны ашиг байхгүй, бүх мөнгө гадагшаа урсан замхардаг тухай мэдэж ядах зүйлгүй.

П.Урнаа
Сэтгэгдэл (2)