Шалаар нэг хөглөрөх СТА

Шалаар нэг хөглөрөх СТА

Түмэнд тус хүргээгүй байж

Төрөөр шагнуулж яанам...

Олонд сайныг хийгээгүй байж

Одон медаль горилох юм... хэмээх дөрвөн мөрт “райм” реппэр Gee-гийн фэйсбүүк хуудаснаа дурайна. Насаараа урлагт зүтгэж, насны бөгсөнд СТА буюу Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг авдаг байсан цаг саяхан. Нээрээ ч Монголд улс төрийн аль нэг нам дагаж цол тэмдэг авдаг моод дэлгэрээд байгааг мэдэхгүй хэн байх билээ. Урлагийнхан дунд СТА цол тэмдэг аваагүй хүн гэж ер нь байхгүй байх.

Сүүлдээ СТА гэдэг цол тэмдэг боржигон гэдэг овог шиг болтлоо дэлгэрээд байна. Уг нь энэ СТА гэдэг цолыг соёл урлагийн байгууллагад 15-20 жил ажилласан хүмүүст Засгийн газраас өгдөг учир жанцантай юм билээ л дээ.

 Гэтэл насаараа ажиллаад цол хэргэм авч чадаагүй хүмүүс цаана чинь өч төчнөөнөөрөө тоологдож байхад, хэдхэн дуу гаргаж, ганц тоглолт хийгээд л СТА авч, дараа нь хаачсан нь мэдэгдэхгүй алга болдог нөхдүүд гэж бас байх юм.

25 жил урлагийн салбарт бүтээж, туурвиж байж авсан “Харанга” хамтлагийн СТА ба “Universe Best Songs-2009” фестивалийн шилдэг 25 оролцогчид багтаж байж авсан “S4” хамтлагийн  СТА хоёрын хооронд хэдий хэмжээний зай байна вэ?

Мөн дуучин Ч.Ану, жүжигчин Э.Ууганбаяр, “Outlaw” хамтлаг, жүжигчин Б.Хулан өөр хэн хэн ч билээ дээ. Баахан “хүүхдүүд”-ийг шагначихсан нь төдийлөн ойлгомжгүй.  “Номин талст” хамтлагийн зарим гишүүд СТА бол үе чацуутан “Камертон” хажууд нь “Алтангадас” одонт хамтлаг болоод зогсохгүй, нэг гишүүн нь Төрийн соёрхолт шүү дээ.

Үүгээр ч зогсохгүй “Номин талст”-ын А.Хаянаад чирэгдэж, хамт дуу дуулсан мисс  Б.Гантогоо “Алтангадас” авсан байхад А.Хаянаа СТА-тайгаа л явж байна. Уул нь ямарч юманд зэрэглэл гэж баймаар даа. Загварын тайзтай амьдралаа холбоод насаараа энэ салбарын нүүр царай болж яваа топ модель Э.Одгэрэлд СТА ч байхгүй. Гэтэл бодит байдал дээр Б.Гантогоо, Э.Одгэрэл хоёрын хэн нь төрийн шагналд ойр, нүүр бардам зогсох ёстой вэ гэвэл зүтгэсэн жилээ бодсон ч Э.Одгэрэл л энгэрээ цоолох учиртай баймаар. Дурдагдаж байгаа нь л Э.Одгэрэл болохоос бусад топууд ч мөн адилхан.

Ер нь энэ олон СТА цол тэмдэгтнүүдийг хооронд нь жаахан ялгаж салгах цаг болсон юм биш үү. Хийсэн бүтээснээрээ  газар, тэнгэр шиг хол зайтай хүмүүст ив ижил цол тэмдэг өгөөд л. Сүүлдээ бүр амар юм болсон. СТА бол зүгээр шинэ киноны нээлтэнд барьж очдог цэцэг шахуу болсон. Кино нээлтээ хийлээ СТА, нэг тоглолт боллоо СТА, СТА-гүй арга хэмжээ нэг ч байхаа больжээ.
 

Төрийн одон медаль хүндтэй  сайхан ч гэсэн сүүлдээ пологтох нь байна. Авч байгаа нь ч цаанаа голонгуй тамшаалсан янзтай, өгч байгаа нь ч хонины ээлж өнгөрөөж байгаа юм шиг царайтай. Хөөрхий тэр СТА гэдэг цолны үнэ хүнд нь шалаар нэг хөглөрлөө л дөө.       

П.Урнаа                                                                                                                                                                                               

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025