
Монголын хип хопын холбооны Ерөнхийлөгч гэгдэн мандан бадарч явсан Баавар буюу Ш.Батбаярт шүүхээс бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Эргэн сануулахад, Баавар буюу Ш.Батбаяр нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхад тус ангийн В корпусын 2-ын 7 тоот тусгаарлах өрөөнд гал гарсан юм. Тэрхүү явдлаас болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагч Б.Өлзийбат, Э.Тамир, Х.Жигдэндан, Б.Цоггэрэл, В.Ганбаяр, Ц.Энхбат, Д.Батболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж, өнгөрсөн тавадугаар сард прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Харин дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд дээрх нэр бүхий шүүгдэгчдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Бааварт ийнхүү ял оноолоо. Тэгэхээр хорих өрөөнд гарсан галыг Баавар өөрөө тавьсан гэсэн үг. Тэрчлэн өргөст торны цаана дахин суухаар болж байна.
Н.Дарий
Сэтгэгдэл байхгүй байна