Like авахгүй л бол үхлээ юу? энэ охидууд. Охидууд гэлтгүй хүүхэд залуус хүртэл од болох гэж мэрийж байгаад хохирогч болох тохиолдол өч төчнөөн. Оддын өвчнөөр өвчилж хэдэн халтар like-ны төлөө юу ч хийхээс буцахгүй амьтад гэж бас байх юм. Нэг хөөрхөн банди “500 like дарвал би левчиг өмссөн зургаа тавилаа” ч гэх шиг. Цахим ертөнцөд “мэдээлэл солилцох” гэсэн ганцхан чухал өгөгдөл байдаг байхад орчин үеийн залуус “Like” авах гэсэн ганцхан санаа өвөртлөн сууна. Охид залуус өөрийн нүүр царай, бие галбираас эхлээд амьдралд нь өрнөж, тохиолдож буй хором бүрийг олон нийтэд тайлагнан дэлгэсэн байдалтай зурган тайлбартайгаар байршуулдаг болж.
За энэ ч яахав маньд нь хамаагүй байдаг юм байж. Ардчилсан гэх тодотголтой өнөөгийн нийгэмд ингэх нь мэдээж хувь хүний өөрийн эрх. Гэхдээ энэ нь ямар эрсдэл дагуулж, юунд хүргэж болзошгүйг дор бүрнээ төдийлөн ухамсарлаж дүгнэж цэгнэхгүй байгаа нь харамсалтай. 14 настай Монгол охин Фэйсбүүкээр танилцсан найзууддаа зэрлэгээр хүчирхийлүүлсэн хэрэг гарчээ. Охин Facebook дэх хуудсандаа биеийнхээ галбир гоо сайхныг харуулсан зураг нийтэлж, хувийн мэдээллээ оруулан улмаар бусадтай танилцсан нь ийм эмгэнэлт байдалд хүргэсэн байна.
Тухайн үед охины ангийнхан нь тоглоом шоглоом хийсэн байдлаар, “Бүгдэд нээлттэй охин” хэмээн цоллоод утасны дугаарыг нь тавьсан явдал тэр дороо гэмт хэрэгтнүүдэд олз болсон байна. Охины утсаар холбоо тогтоож, танилцсан найз нь болзсон газраа таван залуугийн хамт ирсэн бөгөөд гэнэт дайрч хүчирхийлсэн балмад явдал гарчээ. Энэ мэт жишээ Монголд өч төчнөөнөөрөө тоологдох вий. 14-хөн настай охин юуны тул бусадтай танилцаж уулзах болов, өөрийн дүү шиг санах бяцхан охиныг тэдгээр олон залуус юунд хайрласангүй вэ гэдэг харуусал өөрийн эрхгүй төрнө. Хэнд ч харуулж уншуулдаггүй өдрийн тэмдэглэл гэгч өврийн нууц дэвтэр дээр бичигдэх ёстой тэр л нандин зүйлүүд Facebook-ээр нэг урсах болсон.

Хол ойрын хязгаараас мэдээлэл дамжуулах харилцах талбар нэгэнтээ садар самууныг сурталчлах, биеэ үнэлэх, гэмт хэргийн золиос болох, бусдын нэр хүндэд халдах, хэн нэгнийг гутаан доромжлох талбар болон хувираад байгаа нь нууц биш. Энэ бүхний золиос нь ихэвчлэн охид болсон олон жишээ бий. Тухайлбал 20 орчим настай бүсгүй Чатаар харилцдаг нэгэн залуутай уулзахад ихэд таалагдаж хэд хоногийн дараа гэрийнхээ хаягийг зааж өгчээ. Дараа нь дахин уулзаад хамт алхаж байх үедээ бүсгүйг машин руу хүч хэрэглэн чирж оруулсан явдал гарчээ.Тухайн үед азаар цагдаа таарч бүсгүй машинаас шидэгдэн унаж амьд үлдсэн байна.
22 настай бүсгүй Facеbook чатаар нэгэн залуутай танилцан уулзахад бүсгүйг шууд буудал руу явахыг санал болгож, этгээд үгээр доромжилсон үйлдэл ч мөн гарчээ. Мэдээллийн хурд нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн оюун санаа, ухамсар доройтон мунхарч буй хэрэг үү? Охид юуны тулд яах гэж нүцгэн биенийхээ зургийг олон нийтэд дэлгэдэг, яах гэж танихгүй хүнд итгэж уулздаг тухайгаа эрэгцүүлж нэг бодохгүй бол бие эрхтэн, сэтгэл санаа, амь насанд чинь аюул заналхийлсээр л байх вий.
П.Урнаа
Сэтгэгдэл (6)