С.Зоригийн үхэл

           

С.Зориг агсны амиа алдсан жинхэнэ учиг шалтгаан улам л алсарч байна. Энэ хэргийг илрүүлэхийн төлөөх алхмууд өнгөрсөн жилүүдэд үнэн хэрэгтээ хийгдсэн гэдэг нь эргэлзээтэй. Цаана нь улстөр байсан учраас л хэзээ ч илрэхгүй хэрэг болон дарагдсан гэдгийг үгүйсгэх нь ч утгагүй. Түүнчлэн сонгууль угтсан жил С.Зоригийн хэргээр шоу хийдэг харамсалтай жишиг бүр тогтчихсон билээ. Хэрэг хуучирдаггүй болохоор улстөрчдийн өгөөш болдог ч биз. Тэгвэл манай сайт 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр юу болсон талаар С.Зориг амиа алдахын өмнөх улстөрийн өнгө ямар байсан талаар өгүүлж байна.

 

1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гарагийн орой  21:40 минутын үед  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг  гэртээ ирсэн гэгддэг бөгөөд ирэхээс нь 20 минутын өмнө буюу 21:20 минутын орчимд гэмт этгээдүүд гэрт нь дайран орж эхнэр Д.Булганых нь  амыг боон, гарыг нь үдээсээр хүлэн  00-ын өрөөнд орхисон. Ийн бэлэн байдалд шилжсэн гэмт этгээдүүд С.Зориг агсныг 18 удаа хутгалан амийг нь хөнөөхөөр отож байсан. С.Зоригийг амиа алдахаас өмнө Монгол Улсын Ерөнхий Сайдаар   томилохоор Ардчилсан холбоо эвслээс аравдугаар сарын 1-ний өдөр  шийдвэрлэж,  МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн хурлыг аравдугаар сарын 2-нд  хуралдуулахаар товлосон ч, хурал болоогүй. 3-ны өдөр болохоор хугацаа хойшилсон ч С.Зориг 2-ны шөнө амиа алдсан.

Ийм агуулга бүхий мэдээлэл өнгөрсөн жилүүдэд хэвлэлүүдийн хуудаснаа хөвөрч ирэв. Гэсэн ч гэмт этгээдүүд нь илэрч, эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай энэ аллага өнгөрсөн хугацаанд илрээгүйгээр барахгүй, С.Зориг агсны амийг хөнөөсөн аллагын хэрэг илэрнэ гэдэгт Монголчууд бүрэн итгэл алдарчихаад байна.

С.Зориг амиа алдахаас өмнөх улстөрийн өнгө

                                                     

С.Зориг амиа алдсан 1998 оныг угтсан  Монголын улстөрийн нөхцөл байдал, уур амьсгал ямар байсныг тухайлан  Баабар эрхмийн “Ерэн найман он-1” нийтлэлээс иш татан уншигчиддаа хүргэе.

“...Энхбаяр УИХ-д орж ирснээр хийсэн анхны ажил нь Энхсайханы Засгийн газрыг огцруулах оролдлого байв. Түүний санаачлага, МАХН-ын бүлгийн гарын үсгийн дагуу Монголд анх удаа Засгийн газрыг огцруулах санал хураалт боллоо. Ардчилсан холбоо эвсэл нийт 50 суудалтай байсан, яг л тийм тооны санал Энхсайханыг дэмжсэн юм. Гэвч бие даагч Дашбалбар Энхсайханд харуулж байгаад улаан балаар дэмжиж дугуйлсан болохоор эвслээс хэн нэг нь нөгөө талд санал өгчээ. Энэ бол Зориг байсан юм...” хэмээн өгүүлжээ.  Цаашлаад Зориг, Энхсайхан хоёрын зөрчил энэ үед маш хурцадсан байсныг,  1996 оны сонгуулийн дүн гарсан өдөр сонгуулийн кампани удирдаж байсан Энхсайхан Улаанбаатарт байгаа хэдхэн хүнтэй ярьж тохироод Ерөнхий сайдад дэвшчихсэн байхад нь эзгүй байсан эвслийн гол шийдвэр гаргагч нар болох Элбэгдорж, Ганболд, Бат-Үүл, Гончигдорж, Зориг нар ирээд дургүйцэж байсан ч, маргалдахаасаа цааргалсан аж. Харин  Зориг агсан л ярьж тохиролгүй гаргасан шийдвэрт нь дургүйцсэнээ илэрхийлсэн  бөгөөд үүнээс өмнө МҮАН-ын даргын марафон болж Элбэгдорж Ганболдыг ялсан байдаг. Энэ марафоны цаад утга нь ялсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд болох тохироо байсан тухай нийтлэлд өгүүлсэн байдаг юм.

         

Цаашлаад үйл явдал хэрхэн өрнөснөөс үзэхэд Энхсайхан,  Зориг нарын зөрчил явсаар эсрэг намынханд  өгөөш болж тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд ТЕГ-ийн даргыг зайлуулахын тулд тэднийг ашигласан гэх агуулга ч бий. Мөн С.Зориг М.Энхсайханыг огцруулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгохын тулд Н.Энхбаяртай ойртож дэм авч, үр дүнд хүрсэн ч, дараа нь Н.Энхбаяр нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг айлгаж эхэлсэн байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байв.

Улстөр өрнөсөөр  дээр өгүүлсэнчлэн С.Зориг Дэд бүтцийн сайдаас Ерөнхий сайдын албан тушаалд очих өндөр магадлалтай болсон байв. Тэр үед Ерөнхийлөгч Н.Багабанди Э.Бат-үүлийг бус С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байсан билээ. Тэр үе нь  Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын далдхан тэмцлийн гал ассан  үе. Өнгөц харвал С.Зориг амиа алдахаас өмнөх улстөрийн нөхцөл байдал иймэрхүү байх аж.

 

 Улстөр ба С.Зориг

2011 он гараад арав гаруй хоног өнгөрч байхад Монголын ард түмний хянан шалгах хороо” –ны дарга Д.Нинж С.Зориг агсны аллагатай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандсан. Тэрбээр ардчиллын төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан С.Зориг агсны үхэлд хэн буруутай вэ гэдгийг тогтооход чухал хэрэгтэй  баримтууд  бий гэдгийг хэлсэн. Тэдгээр нь төрийн өндөр дээд албан тушаалд байгаа  нэр бүхий хүмүүс гэдгийг хэлсэн юм. Сонирхолтой нь мэдээлэл хийн, өөрийгөө хамгаалалтад авахыг  ТЕГ-аас хүсээд байсан түүнийг Ганцхудагт хорьсон юм. Тэр гэхдээ тэнд удаагүй гарч ирсэн юм. Д.Нинж тухайн үед   МАН-ынхан  нэрээ  Дээд шүүхэд  бүртгүүлэхдээ  500 мянган ам.долларын хахууль  өгсөн гэх баримт нь байгаа гэхчлэн анхаарал татах олон зүйл ярьсан байсан юм. Сүүлд Д.Нинж эрхэм  Гамбир ток шоу нэвтрүүлэгт оролцохдоо С.Зоригийн аллагатай холбоотойгоор нэр бүхий хүмүүсийн тухай ярьсан билээ.

Ерөнхий прокурор Д.Дорлигжав С.Зориг агсны хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд анх удаа танилцуулсныг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Д.Дорлигжав  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд анх удаа мэдээлэл хийхээсээ  өмнө  С.Зориг агсны амь насыг хохироосон, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсэг болон Улсын мөрдөн байцаах газрын дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дарга нарыг хүлээн авч уулзаж хэргийн явц байдалтай танилцсан.  Мөн Ерөнхий прокуророос хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ахиц үр дүн муу, байгааг анхааруулж цаашид мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай, үр дүнтэй явуулж, хэргийг прокурорт шилжүүлэх үүрэг чиглэл өгч,  мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж байгаа прокуроруудад Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуульд заасны дагуу прокурорын хяналтын чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, хэргийн үйл ажиллагаанд тасралтгүй хяналт тавьж ажиллах үүрэг даалгавар өгсөн гэх мэдээлэл бол хэвлэлийнхэнд байсан. Гэсэн ч үр дүн гарсан бил үү!

 

Э.Болор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    uls torooo gej aimar zuil shuu
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • зочин
    2 жилийн өмнө энэ мэдээг уншиж байлаа. мартцан гэж бодоод дахиад гаргаад байхиймаа
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025