Орон сууцны метр квадратын үнийг 1 сая төгрөгт барина гэж том дуугарсан хүн бол О.Магнай. Тэр ингэж дуугарсны нөгөө талд шүүмжлэл хэлэх нөхдүүд ч цөөнгүй байсан л даа. Тухайлбал, С.Дэмбэрэл гишүүн байрны метр квадратын үнийг 1 саяд барих шийдвэрийг О.Магнайгийн байгууллага ч гаргадаг эд биш бөгөөд нарийн схемчилсэн төлөвлөгөө нь гарч салбарын яам, Эдийн засгийн хөгжлийн яам УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо зэрэг шат дараалсан газруудаараа дамжиж, санхүүгийн болон бодлогын эрх зүйн баримт бичгүүд нь иж бүрнээрээ гарч байж сая ажил болох учиртай гэж суусан. Яахав тэгээд Буянт-Ухаагийн орон сууцнууд метр квадрат нь 1.3 саяар үнэлэгдсэн ч, О.Магнай урьтаж баахан зарласны үр шимээр барилгын бизнес эрхлэгчид үнээ өсгөж тоглосон гэдгийг умартаж боломгүй. Түүнчлэн О.Магнай нар хэлсэн дээрээ бат зогсож 1 сая төгрөг дотор үнийг барина гэдэгтээ хүрч чадаагүй гэдгийг ч сануулах хэрэгтэй.
О.Магнай дарга хэлэхдээ Нью-Йоркод хамгийн тансаг дүүргийн байр м.кв нь 6000-7000 ам.доллар байхад, Улаанбаатарт шороон дунд 5000 ам.долларын үнэтэй байр байна гэдэг бол зүгээр “хөөс” байсан. Одоо энэ “хөөс” хагарна, бодитой үнэ тогтоно гэж байсан бол ОССК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулга: -Орон сууцны үнийг тогтворжуулах төслийг иргэд “үлгэр” мэт хүлээж аваад байна. Энэ бол “үлгэр” биш. Одоо ажил хэрэг болох гэж байна. Үүний тод жишээ нь ОССК-аас барьж буй “Буянт-Ухаа” хорооллын эхний ээлж бөгөөд нэг м.кв нь 950 мянган төгрөгний үнэтэй. 28 ширхэг есөн давхар, 1764 айлын энэ орон сууцны эхний ээлж есдүгээр сард ашиглалтанд орж Засгийн бодлого явж байгааг ойлгох хэрэгтэй гээд л байсан.Тэгээд барилгын материалын суурь үнийн судалгааг хийж үзэхэд БХБЯ болон барилгын компаниудын хооронд орон сууцны үнийг нэг м.кв-ын үнийг 1 саяас доош байна гэсэн гэрээ хийнэ гэсэн зүйлийг ярьж байсан ч, хэрэг дээрээ тийм биш байгаа.
Ер нь бол иргэд өндөр үнэтэй сууцанд орж дийлэхгүй байгаа нь гол үнэн. Тиймээс төрөөс үүнд зохицуулалтыг хийхээс өөр гарц алга байгаа. Тэрчлэн Барилга, хот байгуулалтын яам Монголбанктай хамтран баталсан “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд юуны түрүүнд орон сууцны үнийг бууруулахын тулд газрыг үнэгүй болгох, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана гэсэн. Тэрийгээ ажил болгох шаардлага байсаар байна. С.Дэмбэрэл гишүүний хэлсэнчлэн О.Магнайгийн байгууллага хийж дийлэхгүй нь тодорхой ч, боломжтой зүйлсийг нь хамтын байдлаар шийдвэрлэх ёстой гэсэн үг. Түүнчлэн орон сууц барих дэд бүтцийг төрөөс шийдэх тухайд анхаарах ёстой. Цаашлаад барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 370 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн нь ч бас жаахан найдвар дагуулж өнөөдрийг хүрсэн билээ.
Гол нь тэгээд эрх бүхий албан тушаалд суугаа нөхдүүд түрүүлж дуугараад, сүүлдэж хиймээр аяддаг жишиг бүрэн тогтжээ. Бас болоогүй, өөрийнхөө эрх үүргийн хэмжээнд хүрэхгүй зүйлсээр хүртэл худлаа шоу хийж, оноо авах гэж оролддогийг О.Магнай даргаас бэлхнээ харж болох юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна