Төөрсөн ихрүүдийн тун ч адилхан төрх

Ер ертөнцөд царай зүс, бие хаа, стиль имиж гээд өөр хоорондоо ижил төстэй хүн алийг тэр гэхэв. Гэхдээ угсаа гарвал өөр ч усны дусал мэт адилхан та бидний танил эрхмүүд нэлээн хэдээр тоологдох юм. Ямартаа ч яс үндэс төрөл садангаас эхлээд яах аргагүй өөр эцэг эхээс мэндэлсэн атлаа ялгахын аргагүй хүмүүсийг танд танилцуулах гэж буйдаа таатай байна. 

Тун ч адилхан “туранхай”-нууд
Алиа хошин дүр төрх, авьяас чадвараараа нэгэн цагт дэлгэцийн болоод тайзны уран бүтээлд дүрээ мөнхөлж явсан жүжигчин Я.Эрдэнэбал сүүлийн үед нам гүмхэн амьдралыг хүсэмжлэх болсон. Хамгийн сүүлд “Нар гарна аа аз жаргал минь” олон ангит кинонд тоглосоныг эс тооцвол. Харин хувь хүнийхээ тухайд хоёр хүүхдийн эцэг энэ “гуалиг” эрхэм спортоор чамгүй хичээллэдэг. Тэр бүү хэл сагсан бөмбөг эвлэгхэн тоглохын зэрэгцээ бага наснаасаа эхлэн боксын спортоор хичээллэж боломжийн зондоонч болсон гэх юм билээ. 

Я.Эрдэнэбалтай ялгахын аргагүй адилхан бие хаа, үс зүстэй нэгэн бол дуучин Амараа. Буриадын хөвгүүд их авьяастай байдгийг харуулж яваа дуучин залуу бүжиглэнэ, дуулна бас хааяахан шүлэглэнэ. Аав нь хар багаас нь урлагийн замд хөтлөн оруулсан бөгөөд түүний анхны тайз аль 3-р ангиасаа эхэлсэн гэдэг. 

Түүний аавыг түмэн олон тэр тусмаа буриад зон сайн мэдэх байх. Дорнод аймгийн театрт олон жил дуучнаар ажилласан СТА Д.Мөнхөө  гуай. Жүжигчин Я.Эрдэнэбалын төөрсөн ихэр Амараагийн гэргий М.Одончимэг хэмээх бизнес эрхэлдэг бүсгүй байдаг. Тэд нэг хүү, хоёр охинтой. 

Ихэр цэцэг
“Маск”-тай ах нарынхаа ач буянаар урлагийн салбарт өөрийн орон зайг бататгаж басхүү “орилоо” Гэрэлээ хэмээх хочийг олноос хүртэж “од” болсон А.Гэрэлцэцэг сүүлийн үед хэвлэлийн хуудсыг хангалттай чимэх болсон. Хамтлагийн ах нар нь нэг өрөө байр бэлэглэж нүнжиг юугаа таниулсан жүжигчин бүсгүй гэр бүл зохиож гэдэс цүндийлгэхээр зэхэж буй сураг байсгээд л дуулддаг. Үнэн худлыг мэдэхгүй ч Гэрэлцэцэгийн үргэлжид хүсдэг үлгэрийн ханхгүүгээр урлагийн салбарт ажилладаг эр тодорсон гэх үе ч байсан. Түүний талаар чихэнд чимэггүй нэгэн мэдээлэл, хамтлаг болоод тайзнаасаа бууж телевизийн уран бүтээлд хүч үзэхээр сэтгэл шулуудсан гэж нэг үе дуулдсан ч одоогоор тайзнаа үнэнч хэвээр буйд үзэгчид таатай хандаж буй.   

Тэгвэл жүжигчин бүсгүйтэй жигтэйхэн адилхан үзэсгэлэнт эмэгтэй бол Д.Ариунцэцэг. Сайхан бүсгүйн жаргал зовлонг ханатал эдэлж явсан мисс Д.Ариунцэцэг хайр сэтгэлийн гурвалсан холбоо бүхий хэл амнаас дайжин хэсэгтээ л ганц бие ажин түжин амьдарч буй. Миссүүдийн эрлэг Монголын тэргүүн баян Мянганбаярын тав дахь хүүхдийг төрүүлэн өгсөн тэрээр Хайрмаа охиноо хааяахан төрсөн эцэгт нь үнсүүлдэг гэнэ лээ. Юутай ч хамрын хажуухан дахь хачин том мэнгээ ад үзэн авахуулсан “Ард түмний” мисс Д.Ариунцэцэг, жүжигчин А.Гэрэлцэцэг нарыг хэвлэлийнхэн хүртэл андуурч онигоотдог юм шүү. Тэд хамтдаа саяхан Мобикомын рекламанд тоглож ээжүүд нь хүртэл эндүүрэм ихрүүд гэдгээ дахин баталсан. 

Намайг Амараа гэдэг, Харин чамайг...
Намайг “Тайчих урлагийн шөнийн хунтайж” гэдэг... Амараа өөрийгөө хэзээ ч ингэж танилцуулахгүй байх. Гэхдээ тэр ийм хэргэм цолны эзэн байсан. Сөөнгөдүү хоолой, золиотой том булчин шөрмөсөөрөө охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж явсан жүжигчин Амараа адтай сэргэлэн зангаараа алдартай.
 Ардчилсан намын монологийг айхтар гэгч нь уншиж ард түмэнд өөрийгөө таниулсан С.Амарсайхан “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” тэргүүтэй хэд хэдэн киногоороо найруулагчдын хараанд өртөж хэр чадварлаг жүжигчин болохоо бас баталсан. Ертөнцөд ер гэргий охин хоёроос минь өөр сайхан хүн үгүй гэдэг тэрээр өдгөө хоёр гүнжийнхээ хамт амьдарч буй. 

Харин түүнийг яруу найрагч, ясны тэмцэгч Ж.Мөнхбат гэдэг. “Болор цом”-ын эзнээр тодорч байсан тэрээр өнгөрсөн сонгуульд өөрийн нутагтаа өвдөг шороодсон. Тэр цагаас хойш МАН-ын үзэл бодлын үнэнч зэвсэг болсон Ж.Мөнхбат шударга бус үйл хэргийн эсрэг тууштай тэмцэгч гэдгээ тэр нэгэн хавар өөрийн биеэр харуулсан. Тэр шударга шүүх, хууль хэний талд үйлчилж байна гээд л талбайгаар нэг том алхаж, “тод” хашгирсан билээ. 

Харин цөст ихт яруу найрагч, жүжигчин залуу хоёрын царай зүсний ижилсэлээс гадна хоёул уран уншлагын өндөр мэдрэмжтэй. Ямартаа ч “Хунтайж” Амараа, Хууль хэрэгжүүлэгч Мөнхбат хоёрын хэн нь хэнийгээ хуулбарласаныг хэлж мэдэхгүй тэд яалт ч үгүй эцэг эх тусдаа.

Агар найруулагчийн ах данзан
Залуу халуун наснаасаа сэтгүүлзүйн салбарт хөл тавьж өдгөө “NTV” телевизийн захирлаар ажиллаж байгаа М.Буянбадрах. Гүйлгээ сэргэлэн ухаан нь дэндсэн энэ эр хэсэг нөхдийн хамт “Алтан микрофон” наадам тэргүүтэй хэд хэдэн шоу арга хэмжээ зохион байгуулж олны хараанд өртөж байсан түүхтэй. Харин хувийн амьдралын тухайд хожуу хөл тавьсан тэрээр нэг л өдөр өөртэй нь усны дусал мэт адилхан хүү тэврэн ирсэн гэргийтэйгээ шууд л амьдрал хувь заяагаа холбож байсан гэдэг.   

Харин Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн өнгө төрх, үзэл баримтлалыг бий болгож чадсан М.Буянбадрахтай тун ч адилхан энэ эр бол насаараа урлагт хүчин зүтгэсэн удам судар сайтай нэгэн. Дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгч түмнээс өндөр үнэлгээ хүртэж байсан “Ану хатан” түүхэн киноны найруулагчаар гэргийнхээ хамт ажиллаж өөрийн болоод гэр бүлийнхээ орон зайг бат тунхаглаж чадсан найруулагч В.Агар. 

Түүний гэргий түүхэн киног анх удаагаа найруулсан эмэгтэйгээр тодроод буй Т.Алтантуяа хэмээх жүжигчин, найруулагч гээд тал талын авьяас билэгтэй та бидний танил бүсгүй байдаг. Харин В.Агарын тухайд урлагийн “бурхад” дунд өсч, хүмүүжсэн бөгөөд түүний ээж алдарт Цагааны Цэгмидийн том охин концертмайстер Уртнасан юм. Өдгөө цагт өөрсдийн нэр алдараа тунхаглаж буй хийлч Дээгий, О.Байгаль гээд олон алдартны багш тэрээр хөгжим бүжгийн коллежид насаараа багшилсан билээ. 

Үл таних ихрүүд
Улс төрд шургахыг удаа дараа хүсэмжилж тэртээх 2008 оны сонгуулиар өөрийн төрсөн нутаг Баянхонгортоо өвдөг шороодож, өнгөрсөн онд азаар албан тушаалын амтанд умбасан шинэхэн түшээ Д.Ганбатыг парламентын танхимд заларсан тэр цагаас эхлэн таньж мэдэх болсон.  “Техник импорт” компаний захирлаар ажиллах ахуйдаа улс төрд уухай хашгиран орж ирсэн тэрээр  1982 онд Ардын армид салаа салбарын захирагчаар ажлын гараагаа эхэлж байсан гэдэг. ЗХУ-ын Киев хотод Цэргийн инженерийн дээд сургуулиас эхлээд Украйны Киев хотын ВГЧУ, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Инженер, механикч, орчуулагч,  эрх зүйч мэргэжилтэй Д.Ганбат гишүүн өдгөө хүний эрхийн дэд хороог даргалж буй. 

Тэгвэл түүнтэй ялгахын аргагүй яг адилхан эрхэм бол “Алтан жолоо” группын Ерөнхийлөгч В.Энхбаатар. Биеийн масс, царай зүс гээд эрхэм түшээтэй эгэлгүй адилхан В.Энхбаатар саяхан Монголын хүнсний салбарт томоохон хөрөнгө оруулалт болохуйц “Арвайн үндэс” шар айрагны үйлдвэрээ нээж хэрэглэгчиддээ танилцуулсан билээ. Аль ардчилсан нийгмийн үед ганзагын наймаанаас бизнесийн гараагаа эхэлж байсан түүний 15 давхар бүхий “Ромео & Жулет” хороолол их хотод нэгэн үзэмж нэмж буй. 

Хоолой болоод зүс царайгаараа холион бантан хутгагчид 
Нэгэн үе унтаа байдалд ороод байсан нийтийн дууны салбарыг сэрээж гарч ирсэн МУГЖ Т.Баясгалан өөрийн царай зүс, хоолойн цар хүрээгээрээ олны зүрх сэтгэлд томоохон орон зайг эзэлж байсан цаг саяханых. Арлын оронд “мэхний их дэлгүүр” хэмээн овоглогдож, Ардчилсан намд дагаар орсоноор улс төрч болон айхтар том хувьсгал хийсэн Кёкүшюүзан Д.Батбаяртай амраг сэтгэлийн холбоо тогтоож, хоёр ч хүүхдийн эх болоод буй тэрээр урлагийн амьдралаас нэг мөр зайгаа барьсан гэхэд болно. Өдгөө хүүхэд төрүүлж, хааяахан дэлгэцийн уран бүтээл ивээн тэтгэж баян чинээлэг “бандгар” авгай нарын адилаар нам гүмхэн амьдарч байгаа гавьяат дуучны гадаад төрх болоод хоолойн темперийг эрхгүй дууриасан нэгэн бүсгүй гарч ирэхэд гайхах хүн олон байсан. Т.Баясгалан хүртэл өөртэйгээ андуурам тэр бүсгүйтэй эр нөхрөө хардаж, эгээтэй л дайн дэгдээх шахаж байсныг олон хүн санах биз.  
Нийтийн дууны ертөнцөд “Санаандгүй учирсан дурлал” хэмээх дуугаараа салхи татуулан гарч ирсэн залуу дуучин Э.Чулуунчимэг хоолойн өнгө аяс, авьяас чадвараараа хэдийнэ олонд танигдсан уран бүтээлч. Гавьяат жүжигчин Т.Баясгалантай ялгахын аргагүй адилхан хоолой, зүс царайтай түүнийг анх дуулж эхлэхэд андуурч тээнгэлзэх хүн олон  байсан. Тэгвэл зохиолын дууны ханхүү, гүнж хэмээгдэж явсан С.Жавхлан, Т.Баясгалан нарын дууг сэргээн дуулж буй залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр гэр бүлийн хүмүүс гэдгээрээ ханхүү гүнж хоёроос ялгарна. С.Жавхлан, Т.Баясгалан хоёрыг гэрлээсэй гэж ард түмэн мөн ч их хүссэн бол ирээдүйд “хуулбар”-ууд нь ийм тавилантай байжээ.  

Б.Ялгуун 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН
    Эцэг нэгтэй байж магадгүй шүү
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • зочин
    Яруу найрагч Н.Энхбаатар дархан врага Г.Өсөхбаяр хоёр хоорондоо их адилхан
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Яруу найрагч Н.Энхбаатар Г.Өсөхбаяр аврагатай их адилхан
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Амараа яаж эрмдэг нүүртэй эрдэнэбалтай адил байдгийн
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Гайхмаар юм байдаг л юм билээ
    Дуучин А cool тэй тун ч адилхан залуу байдгын билээ
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • зочин
    хэхэхэ төөрсөн ихэрүүд
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025