Манай улс 2012 оноос энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн билээ. Улмаар 850 хүний бүрэлдэхүүнтэй 4 дэх ээлжийн батальонаа илгээхээр бэлтгэл сургуулилтаа хангаад байна. Энэ удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гадна онцгой байдал, хил хамгаалах, цагдаа гээд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл багтаж буй юм.
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын зэвсэгт хүчний IV ээлжийн бие бүрэлдэхүүн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд боллоо.
Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ, ЗХЖШ, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, албаны бусад хүмүүс, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхний төлөөлөл оролцсон юм. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн захирагчаар ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, Мотобуудлагын батальоны захирагч, дэд хурандаа М.Батчулуун томилогджээ.
UNMISS ажиллагаанд оролцож буй НҮБ-ын цэргийн бие бүрэлдэхүүн тус улсын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, ард түмний амгалан тайван байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулдаг билээ. Өмнөд Суданд алба хаасан манай өмнөх гурван ээлжийн энхийг сахиулагчид цэргийн үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүмүүнлэгийн үйлст оролцож, сургуулийн байшин барилга ч барьж өгч байсан билээ.
Г.Бөртэ
Сэтгэгдэл (1)