”Ховд-2014 бага олимпоос аваргууд төрнө”

Монгол улсын Засгийн газар, ССАЖЯ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Ховд аймгийн хөгжлийн төлөө сан хамтран зохион байгуулж буй “Ховд-2014 бага олимп” спортын наадмын талаар өчигдөр буюу 8-р сарын 6-ны өдөр зохион байгуулагчид нь хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн дасгалжуулагч, Ардын багш А.Басхүү, Ховд аймгийн Засаг даргын орлогч, баяр наадмыг Ховд аймагт зохион байгуулах хорооны ажлын хэсгийн ахлагч Ч.Чинбат, Ховд аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газрын дарга Б.Банзрагч нар оролцож, дараах мэдээллийг өглөө.

Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан:

Бага олимпийн гол зорилго нь алслагдсан баруун хязгаар Ховд аймагт амьдран суудаг олон үндэстэн, ястны ард иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, орон нутагтаа болон Монгол улсын хэмжээнд спортын төрлүүдэд амжилт гаргаж буй хүүхэд залуусыг дэмжиж, алдартай тамирчдын залуу халааг бэлтгэх, ахмад болон шинэ үеийнхний туршлага солилцох боломж нөхцлөөр хангахад оршиж байгаа юм. Бага олимпийг “Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн 10 жилийн ойн хүрээнд тус сангийн болон Ховдын ард иргэдийн санал санаачлагад тулгуурлан, манай Засаг даргын тамгын газар, МҮОХ, ССАЖЯ хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд Ховд аймгийн бүх сум, багууд баг бүрдүүлэн аймгийнхаа төвд хүрэлцэн ирээд байна.

Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа:

МҮОХ, ССАЖЯ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулж байгаа Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Ховд-2014 бага олимп” маань амжилттай эхэллээ. Бага олимпт Ховд аймгийн 16 сум, 12 багийн нийт 1500 орчим тамирчид спортын 14 төрлөөр хүч, авхаалж самбаагаа сорино. Наадмыг А.Басхүү ахлагчтай 10 шүүгч, орон нутгаас 80 шүүгч, нийт 90 шүүгч шүүн явуулна. Бага олимпийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж буй хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, ТВ9, Эх орон телевиз, орон нутгийн“Ховд” болон“Эко” телевизийн хамт олон мөн наадмыг ивээн тэтгэж буй “Скайтел”, “Жем интернешнл” тэргүүтэй үндэсний компаниудад зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлье.

ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн дасгалжуулагч А.Басхүү:

Дэлхий нийт яс үндэс, хэл ус үл хамааран гуравхан зүйл дээр нэгддэг. Үүний нэг нь спорт, тэр дундаа олимпийн хөдөлгөөн. Олимпийн үеэр 5 тивийн 6 тэрбум хүн олимпийн хөдөлгөөнд анхаарлаа хандуулдаг. Үүний нэгэн адилаар Ховдчууд 4 өдөр олимпийн уур амьсгалаар амьсгалах гэж байна. Энэ агуу их үйлсийг зохион байгуулж, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж буй Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн ерөнхийлөгч Ш.Адьшаа, мөн энэхүү наадмыг дэмжиж, хамтран зохион байгуулж буй Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олонд талархал илэрхийлж, баяр хүргэе. Энэ сайхан үйл явдлыг дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа нь бидний хувьд ч нэр төрийн хэрэг гэж бодож байна. Энэ гурван өдрийн тэмцээнээс ирээдүйн олимпийн аварга, спортын алдартнууд төрөн гарна гэдэгт итгэж байна.  

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан:

Хүн төрөлхтний спортын хамгийн том наадам бол олимп. Хөдөө орон нутагт бага олимп хэлбэрээр зохион байгуулагддаг. Энэ удаа алс баруун хязгаар Ховд аймагт ажиллаж амьдарч буй бүх насныхныг энэхүү бага олимпт оролцуулж байгаа нь цаашдаа улс, тив, дэлхийн аварга, олимпийн аваргуудыг төрүүлэх алсын бодлогтой. Наадамд оролцож буй баг тамирчид маань ялах, ялагдахдаа гол нь биш оролцох нь чухал.

Ховд аймаг манай олимпийн их гэр бүлд чамгүй том орон зайг эзэлдэг. 1980 оны Москвагийн олимпоос жудо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Р.Даваадалай гавьяат, түүнчлэн Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын хүрэл медальт А.Энхээ, Л.Эрхбаяр, Ц.Энхжаргал, жудогийн дэлхийн аваргын анхны хүрэл медальт Т.Баттулга, боксын  дэлхийн аваргаас Монголоос анх удаа мөнгөн медаль хүртсэн А.Отгонбаяр гэх мэт спортын олон алдартнууд Ховд нутгаас төрөн гарсан. Статистик яривал Ховд аймгаас найман удаагийн  зуны олимпийн наадамд нийт 16 тамирчин оролцсон байдаг. Энэ бол Ховд аймгийн тамирчид спортын ертөнцөд том орон зай эзэлж, нэр төртэй оролцож ирсний баталгаа юм. Энэ удаагийн бага олимпоос дээрх алдартай тамирчдын халааг авах ирээдүйн аваргууд төрөх болтгуай гэж ерөөе.

Д.Цэгц

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025