Бүсгүй хүний залуу нас хаврын цэцэг шиг богинохон настай. Нэг л өдөр хулжин одоход тэр үеийн зураг, дурсамж, хийж бүтээсэн үйл сэтгэлд үлдэнэ. Нэг үе Монголыг шуугиулж байсан стриптизийн хатан хаан Ариунаа хэмээх бүсгүй энэ гэвэл нэлээн сайн харахаас нааш танигдахааргүй байгаа биз.
Стриптиз үзүүлбэр, тайчдаг цэнгээний клуб ид моодонд орж байхад энэ бүсгүйн талаар хот даяар шуугидаг байлаа. Мэдээж хөдлөхгүй зогсож байсан ч хараа булаах өв тэгш, гоолиг, уран тачаангүй бие түүнийх байв. Дээрээс нь стриптиз үзүүлж, тачаангуй гэгч нь бүжиглэж эхлэхэд ямар ч эр хүйстэн хараа салгаж үл чадна.
Энэ төрлийн үзүүлбэр нэг хэсэгтээ хүмүүсийн нүд, сэтгэлийг соронзон мэт татаж байсан сан. Одоогийнхтой адил дурын сайт руу орж хориотой кино, бүжиг үзэх, дуртай нь өөрийнхөө “нүүр ном”-д элдэв янзын бичлэгээ оруулдаг мэдээлэлжсэн үе байсан биш дээ. Тиймдээ ховор юм бүхэн амттай, сонирхол татам.
Харин одоо бол яаж ч урин залсан учиргүй гайхамшигтай биш л бол стриптиз цэнгээний газар руу хүмүүс тэгтлээ хошуурахгүй болов уу. Бүх юм ил болохын хэрээр эргээд нөгөө бүрэг ичимхий, нууцлаг, “нүүрэн дээрээ нүүр” зурдаггүй бүсгүйчүүд моодонд орох янзтай.
Хэн ч харсан залуудаа тийм байсан гэж хэлэхээргүй эгэл жирийн нэгэн ээж бидний дуранд ийн буулаа. Хэдийнэ амьдрал нь тогтож үсээ боож, будгаа арилган, өндөр өсгийтөөс татгалзсан Ариунаа залуу насаа бүр ор тас мартсан гэмээр харагдаж байх чинь.
Магадгүй эмэгтэй хүнд хамгийн их зохидог “ээж” хэмээх дүр, тодотгол түүнд тэр талаар санах завдал ч олгохгүй байх.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (1)