МАН-аас өнөөдөр 13.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хуралд МАН-ын удирдлагууд оролцож, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ахлах зөвлөх Л.Гансүх нартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхээр болсон аж. Хурал Тусгаар тогтнолын ордонд болох юм байна.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Авлигатай тэмцэх газраас баривчлан, Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд саатуулсан. Түүнтэй уулзах хүсэлтийг Ерөнхий сайд АТГ-т хандан тавьсан ч “Прокурор, мөрдөн байцаагч, өмгөөлөгч нарыг байлцуулж байж уулзах ёстой” гэсэн хариу өгсөн байсан юм. Харин Ерөнхий сайд талуудыг байлцуулалгүйгээр ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзсан нь Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль болон хэд, хэдэн хуулийг зөрчсөн хэрэг боллоо гэж АТГ-аас мэдэгдсэн.
Ерөнхий сайдын зүгээс эл асуудалтай холбоотойгоор өнөөг хүртэл тодорхой тайлбар хийгээгүй боловч Л.Гансүх зөвлөхийг өмгөөлж буй өмгөөлөгч нар “Л.Гансүх зөвлөхийг хорьсон, мөн өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгаа нь хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл болж байна” хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог 14:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна.
Сэтгэгдэл (1)