Нэг л мэдэхэд намар ирнэ. Зуныг мөн ч удаан хүлээсэн ч амталж амжилгүй өнгөрөөв үү гэх хөнгөн гуниг сэтгэл хөндөх долдугаар сарын сүүлийн өдрүүд. Наадам, найр цалгисан нэгэн сарын ард бид гарлаа. “Гранд” та бүхэнд халуухан уур амьсгал, мэдрэмж дүүрэн нэгэн шинэ дугаараа өргөн барьж байна.
Манай энэ удаагийн эрхэмсэг зочноор Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн захирал Т.Түвшин уригдав. Найрамдал 36 настай бол Т.Түвшин 35 жилийн турш энд ажилласан билээ. Хүүхэд шуугисан их өргөөнд бид нэг өдөр зочилж ойн баярын сурвалжлагыг мөн бэлдсэн.
Энэ дугаарын хамгийн хүндтэй зочид эрхэм наадамчид байв. Айл хотлоороо, ахан дүүсээрээ Төв цэнгэлдэхээс Хүй мандлын дэвжээ хүртэл наадсан тэдний өмссөн зүүсэн, өнгө зүс, хэний охин өсөж хэний айраг исэв гээд танд үзүүштэй харууштай зүйл энэ дугаарт олон бий.
Өнгөрсөн сараас эхлэн та бүхний хүртээл болж эхэлсэн энэ сарын тойм наадам ба төрөөс одон гардсан хатдын тухай сэдвийг хөндлөө. Уламжлал ёсоор фото мэдээллийн www.grandnews.mn сайтын онцлох нийтлэл танд хүрч байна. Хотын мэр Э.Бат-Үүл төрийн их баяр наадмын нээлтэнд тун сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн энэхүү ярилцлага сайтад тавигдсан даруйдаа хандалтаараа тэргүүлсэн билээ.
Энгийн үед барагтай бол гэрэл зургийн дуран хараанд өртдөггүй эрхмүүд наадмаар ил болов. Хамгийн содон, хамгийн ганган, хамгийн ховор зочид нүүр хуудас бүрт дурайж буй тул сюрпризийг танд үлдээх үүднээс энд дурдалгүй орхилоо.
Цаг хугацаа бол бэлэг юм. Бидэнд олдож буй энэ ховорхон агшинд дэлхийд дуурсагдах Монгол наадмаараа бид сайхан наадлаа. Хойтон жилийн наадам ч хол байна даа, хол байна гэх боловч нэг л мэдэхэд хаяанд ирсэн байдаг сан. Солиоруулсан наадмын содон сар дуусаж нөр их ажлын өдрүүд айсуй.

Дугаарыг удирдсан Д.Сэргэлэн
Сэтгэгдэл байхгүй байна