2000 оноос хойш ШУТИС-ийн “Экологи-тогтвортой хөгжлийн төв”-ийн захирлаар ажиллахын зэрэгцээ тус сургуульд багшилж байгаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай шавь нартаа ингэж хэлдэг аж. Учир нь шалгалт шүүлэгтээ бүдэрсэн оюутнууд дүнгээ засуулах гээд сурлагын дэвтэрээ бариад П.Очирбат гуайн өрөөнд орж гуйх тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Харин П.Очирбат гуай дүн гуйсан шавь нартаа “Яаж болох юм бэ!” гэж хэлэхийн сацуу дүнгээ сайжруулахын тулд хэрхэн хичээх, мэрийх ёстой талаар нь зөвлөдөг аж. Мэдээж мундаг багшаасаа дэм авсан оюутнууд мэрийх нь дамжиггүй бөгөөд П.Очирбат гуайн “Яаж болох юм” гэдэг үг ШУТИС-д моданд орсон үгсийн нэг гэсэн.
Дашрамд өгүүлэхэд, П.Очирбат гуай Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн чадвартай боловсон хүчний хувиар Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, Шарын голын уурхайн ерөнхий инженер, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, Түлш, эрчим хүчний яамны сайд гэхчлэн цэвэр мэргэжилтэйгээ холбоотой албуудыг хашиж байсан. Өдгөө уул уурхайн мэргэжилтнүүдийг бэлдэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа. Олон зуун шавь нь монголын уул уурхайн салбарт хөдөлмөрлөж байгаа хүндтэй эрхэм юм.
Сэтгэгдэл байхгүй байна