Н.Энхбаяраар ар хийсэн Т.Энхболдсодон гэж хэн бэ?

Монголын тэргүүн баячуудын жагсаалтын 13 дугаарт 536 сая ам долларын хөрөнгөөрөө жагссан, “Чоно” группын эзэн   Т.Энхболдсодонг Авлигатай тэмцэх газраас баривчилж, Төв аймгийн Цагдан хорих ангид саатуулан шалгаад байсан. Түүнийг суллагдаж, БНСУ-ыг зорьсон гэх мэдээлэл байсан ч, албаны нөхдүүд үгүйсгээд байсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээллийг сүүлийн байдлаар үзэхэд Т.Энхболдсодон гадуур шалгагдаж байгаа аж.

Ер нь бол түүнийг бусдад их хэмжээний авлига өгсөн, мөнгө угаасан  гэх үндэслэлээр сэжиглэн,  шалгаж байгаа нь бизнесийн талбарын ноёнтнуудыг хууль хяналтын  байгууллагаас шалгаж байгаа явдлыг нэгээр нэмэгдүүлсний сацуу түүний бизнесийн эрх ашгийн асуудал хууль зөрчсөн, мөн улстөртэй ямар нэг хэмжээгээр холбогджээ гэх хандлагыг лавшруулахад хүргээд байгаа. Түүнчлэн бизнес нь өнгөрсөн хугацаанд ихэд цэцэглэн хөгжсөний цаана МАН-ын “Хотын бүлэглэл”-ийн дэм ихээр байсан гэх мэдээлэл байдаг. Тэгвэл Т.Энхболдсодонг хорьж шалгах болсон үндэслэлүүдийн нэг нь Н.Энхбаяртай хамтран босгосон  “Blue sky” цамхагтай ч холбоотой гэгдэж байсан юм.

Т.Энхболдсодон нь 1992 оноос бизнесийн гараагаа эхэлсэн  байдаг. Анх ноос ноолуур, арьс шир зэрэг малын гаралтай түүхий эд болон хаягдал төмөр экспортлон; хүнсний бүтээгдэхүүн, төрөл бүрийн цахилгаан бараа, комьпютер импортлож; засвар үйлчилгээ эрхлэн бизнесийн гараагаа эхлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн жуучлал, уул уурхай, зочид буудал, тээвэр зуучлал, мод боловсруулах үйлдвэр, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, үзэсгэлэн худалдаа, хөдөө аж ахуй, газар тариалан болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагаа  явуулж байгаа.2010 оноос группын зохион байгуулалтанд орж толгой компани буюу төв оффисийн багаар удирдуулсан 11 салбар компанийн 1000 гаруй ажиллагсадтайгаар ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.

Түүнчлэн  группын Ерөнхийлөгч Т.Энхболдсодонтой холбоотой анхаарал татсан мэдээллүүд бас бий.  Т.Энхболдсодон нь  худ болох  Т.Бадамжунайгаар дамжуулан  М.Энхболдтой сүжирч улмаар  Н.Энхбаяр,  Сү.Батболд нартай ойртсон гэгддэг. Тэгснээр олон ч том ажлын ард гарсны нэг нь   төв талбайн урдхан талд орших сэлмэн гэх тодотголтой "Blue sky" цамхаг юм. Өдгөө  Т.Энхболдсодонг хорьж шалгах болсон үндэслэлүүдийн нэг нь  эхэнд өгүүлсэнчлэн Н.Энхбаяртай хамтран босгосон  “Blue sky” цамхагтай ч холбоотой гэгдэж буй. Энэ барилгын захиалагч эзэн нь   Т.Энхболдсодонг гэдэг ч, өдгөө МИАТ-ийн луйврын хэргээр ял эдэлж байгаа Б.Эрдэнэбилэг сэлмэн барилгын газрын ашиглалтын эрхийг анх авсан юм билээ.

Харин тэрбээр энэ газраа Н.Энхбаярт өгч, шанд нь  МИАТ компанийн захирлын суудалд суусан гэгддэг. Ер нь Б.Эрдэнэбилэгийн мэдэлд байсан энэ газар анхнаасаа хууль бусаар очсон аж. 2000 онд “МПХ” компани “Blue sky” цамхагийн газрыг ямар ч шалгаруулалтгүйгээр өөрийн болгожээ. Харин хоёр жилийн дараа Д.Батхуяг захиралтай “Мон Кос” компанид 2600 м.квадрат газраа шилжүүлсэн бөгөөд  “Мон Кос” компани үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаанд ашиглаж байгаад Т.Энхболдсодон захиралтай “Чоно”  группт шилжүүлсэн байдаг. Тэр бол 2006 он юм.

Тэгвэл МИАТ-ийн луйврын хэрэгтнүүдийн нэг Б.Эрдэнэбилэг нь 2006-2008 онуудад МИАТ-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байгаа. Тэгэхээр “Blue sky” цамхагийн газрыг Н.Энхбаярт өгснийхөө шанд ийнхүү албан тушаалд суусан цаг хугацаа нь таарч байгаа юм.

Харин Н.Энхбаярын мэдэлд очсон газар дээр боссон барилгын  хөрөнгө оруулагч нь түүний дүү Н.Энхтуяа гэх бөгөөд 27 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээлэл бий. Хожим нь Н.Энхтуяаг АТГ, ТЕГ хамтран шалгах үед энэ барилгатай холбоотой асуудал яригдаж байсан юм. Мөн энэ барилгатай холбоотой бас нэг мэдээлэл бол Солонгосын иргэн Ким Пан Жак гэгч хөрөнгө оруулсан гэх бөгөөд залилангийн хэрэг үйлдчихээд алга болчихсон учраас  түүнийг интерполоор эрэн сурвалжилсан байдаг. Бас энэ барилгын газрын зөвшөөрөл, барилгын чанарт ихээхэн асуудал байгаа талаар, багахан хэмжээний газар хөдлөлтийг тэсвэрлэж дийлэхгүй талаар яригдаж ирсэн ч Чоно групп харагдах байдал дээр эзэн суугаад өнөөдрийг хүрсэн билээ.

Н.Энхбаяраар ар хийсэн Т.Энхболдсодонгийн хувьд бизнес нь өнгөрсөн жилүүдэд сайн өсч дэвжжээ. “Мишээл экспо”, “Торго салон”, “Tse pub”,  “Strings” шөнийн клуб, “White house” зочид буудал зэрэг олонд танигдсан олон ч газар түүний мэдлийнх. Үйл ажиллагааны чиглэлүүдийг нь танилцуулбал:

Хөрөнгө оруулалт, Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, худалдаа, Мод боловсруулалт, экспорт, /хаалга, цонх хийдэг/ модон эдлэлийн үйлдвэр, Газар тариалан эрхлэлт /улаан буудай, хүнсний ногоо/,  4 одтой зочид буудал,   Олон улсын үзэсгэлэнгийн танхим,  Гэр ахуйн болон оффисын тавилгын худалдааны төв, Гаалийн нэг цэгийн үйлчилгээ, баталгаат түр агуулах,   Оффисын талбайн түрээс, Гольф сургалтын төв,  Ази, Европ хоолны ресторанууд,  Ашигт малтмалын хайгуул, судалгаа, олборлолт гэхчлэн тун олон салбарт томорч чадсан байгаа юм.

Мөн нэг сонирхолтой зүйл байгаа нь Т.Энхболдсодон Монголын тэргүүн баячуудын жагсаалтад дээгүүр давхидаг хэрнээ түүний групп улсад төлдөг татварын хэмжээгээрээ топ-уудын тоонд багтддаггүй юм билээ.

М.Мөнхжин

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Avgai ni hujaaa
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • Zochin
    ene hun erdoosoo taalagddaggui. neg l ih asuudalt ai hun shig bainga nuugdaj yavdag.
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025