Баруун бүсийн Их хурд

Баруун бүсийн Их хурд
Ойрадын их хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийн ой, Баруун бүсийн Их хурд даншиг наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө. Олон ястны өлгий нутаг Ховдын цэнхэр хязгаарт арав гаруй ястан амьдран суудаг онцлогтой. Чухам энэ онцлогоо нээлтийн ажиллагаан дээр харуулж, сум бүхэн, ястан бүхэн өөрсдийн язгуур урлагийн онцлогийг харуулсан урлагийн тоглолтуудтай ирсэн байлаа. Онцолбол, Цэцэг сумын уугуул, МУГЖ Энхцэцэг 90 уран нугараачийн үзүүлбэр үзүүлсэн нь өдрийн турш үргэлжилсэн нээлтийн ажиллагааны оргил хэсэг нь байсан юм.

Говь-Алтайчууд илүүрхлээ
Баруун бүсийн шигшмэл хурдан хүлгүүд цугласан энэ наадмын  их насны уралдаанд 168 хурдан хүлэг уралдсан юм. Ховдтой хөрш зэргэлдээ орших Говь-Алтай аймгийн таван их морь дараагаараа ирж нутаг усныхаа нэрийг дуурсгасан нь Баруун бүсийн Их хурд, даншиг наадмын нэг том онцлог, дуулиан шуугиан байсан гэж болно.

Их насны айргийн тавд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат "Ентүм" компанийн захирал, Монгол Улсын алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн хээр, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат аймгийн алдарт уяач Дорждагвын хүрэн, Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Цэрэнпунцагийн хүрэн, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Алтангэрэлийн алаг, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн алдарт уяач Жамбалын Энхсайханы цагаан гэх мэтээр хэлэлцэж тохирсон мэт Алтайн хурдан хүлгүүд ар араасаа тод манлай, торгон жолоо өргүүлж уясан эзэн болоод нутаг усныхаа нэрийг дуурсгасан нь ховор сонин тохиолдол.
Энэ жил улсын их баяр наадамд 13-т хурдалсан, энэ цагийн хурдтай, буянтай ажнай хүлгүүдийн нэг хээр морины эзэн, Алдарт уяач Т.Гантөмөр үе удам дамжсан уяач бөгөөд ах дүүсээрээ орон нутагтаа адуу малаа адгуулж, орон нутгийн үндэсний үйлдвэрлэлд томоохон орон зай эзэлдэг шинэ цагийн чинээлэг бизнесмэнүүдийн нэг юм байна. Тэд хээр буяныхаа бай шагнал 25 сая төгрөгийн 15 саяыг Ховдын хөгжлийн төлөө хандивлаж, талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. Энэ үеэр Т.Гантөмөрийн төрсөн дүү Д.Уртнасангаас цөөн асуултад хариу авсан юм.  

-    Баруун бүсийн Их хурдад түрүү магнай, торгон жолоо атгасанд баяр хүргэе. Хурдан буяныхаа бай шагналын тодорхой хэсгийг орон нутагт нь буцааж хандивлалаа. Мэдээж учир шалтгаантай байх?
-    Баярлалаа. Монгол түмний бахархал, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Галдан бошигт хааны 370 жилийн ой, Баруун бүсийн Их хурд даншиг наадмыг өргөн дэлгэр, утга төгс, ёслол төгөлдөр, сүр жавхлантай сайхан зохион байгуулж байгаа Ховд нутгийн зон олондаа баяр хүргэж, талархал илэрхийлье.

Бид Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Д.Туваанжавын үр хүүхдүүд. Аав маань 1996 онд Алдарт уяач болж байсан. Түүнээс 20 жилийн дараа түүний хүү, Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан, Алдарт уяач, миний ах Т.Гантөмөр их нас, соёолонд түрүү, эрлийз их нас, дааганд аман хүзүүдэж өргөн дэлгэр сайхан наадаж байна. Өмнөх даншигт мөн Ховд нутагт ирж наадаад, дааганд түрүү авч байсан ээлтэй сайхан нутаг. Тийм учраас энэ нутгийнханд баярлаж талархсанаа илэрхийлж манай ах дүүсийн зүгээс, энэ нутагт хурдан буян өсч үржиж, хурдалж байхын билэг ерөөл дэвшүүлж Морин спорт уяачдын холбоо, Бага олимп, өнчин хүүхдийн асрах газарт тус тус 5 сая төгрөг хандивлалаа. Товчхондоо энэ бол ээлээ өгсөн Ховд нутгийнханд бидний зүгээс өгч буй сэтгэлийн хандив юм.


-    Энэ жилийн баруун бүсийн даншигт их насны айргийн тавыг тэр чигээр нь Говь-Алтайнхан авсан нь маш ховор сонин тохиолдол. Хурдан хүлэг болгон Хэнтий, Сүхбаатараас төрдөг гэдэг. Говь-Алтай ч тэднээс дутахгүй бололтой. Танай хурдан буян жишээ нь аль нутгийн угшилтай вэ?


-    Зүүн зүгийн адуу хурдан гэдэгтэй маргах юм алга. Гэхдээ хурдан хүлэг энэ л нутгаас төрдөг, тэр нутагт байдаггүй гэж болохгүй л дээ. Газар газрын цус сэлбэж байж хурдан буян төрдөг жамтай.
Хээр буяны маань тухайд Завхан, Дорноговь, аавын маань унаган адуу гээд газар газрын цус сэлбэсэн адуу.

Хоёр ноёны бөх

Хүчит 256 бөх барилдсанаас анх удаа гурван аварга баруун бүсийн даншигийг зорьж ирсэн. Дархан аварга цол аваад удаагүй байгаа А.Сүхбат, залуу аварга Эрхэмбаяр, Мөнхбат нар даншиг наадмын нэг чимэг байсан ч шөвгийн дөрөвт дан Ховд нутгаас төрөн гарсан хүчтнүүд үлдэж, үзүүр түрүү булаалдсан. Шөвгийн дөрөвт улсын харцага Эрдэнэбүрэн сумын харьяат Т.Амартүвшин, Булган сумын харьяат аймгийн арслан Д.Бадамгарав, Буянт сумын харьяат, аймгийн заан О.Хангай, Чандмань сумын харьяат, шинэхэн харцага Б.Пүрэвсайхан 4 үлдэж, О.Хангай түрүүлж, Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Түрүү бөх 20 сая, үзүүр бөх 5 сая төгрөгийн бай шагнал авсан бөгөөд үзүүр түрүү булаалдсан 2 бөх УИХ-ын гишүүн С.Бямбацогт, түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа нарын ивээн тэтгэдэг бөхчүүд аж. Тиймдээ ч 2 ноёны бөх нэр авч, эцэст нь Ш.Адьшаагийн бөх буюу Ховд аймгийн хөгжлийн төлөө сан, Ховд дэвжээний бөх О.Хангай түрүүлсэн юм. Тэрээр дөнгөж хорь гаруйхан настай, өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдийн нэг.


Үзүүр түрүү булаалдсан харцага Б.Пүрэвсайханы тухайд энэ жилийн улсын баяр наадмаар харцага цол авсан, “Нью прогресс” дэвжээний бөх. Түүний харцага цолыг мялааж С.Бямбацогт гишүүн 2 сонгуульд дараалан унасан шаргал өнгийн Land Cruiser маркийн машиныг Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс бэлэглэсэн. Наадамчин олон 8 жил унасан “ямбий” машинаа өгснөөс өгөөгүй байсан нь дээр байсан юм хэмээн шивэр авирхийгээд авсан. Ийн үзүүр түрүү булаалдсан Ховдын хүчтнүүд нэг нь Ландтай, нэг нь 20 сая төгрөгтэй, магнай тэнүүн буцсан Ховдын даншиг, Галдан хааны 370 жилийн ойн баяр сонин хачин ихтэй болж өнгөрлөө.


Сурвалжилсан Б.Ялгуун
Фото зургийг М.Өнөр

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    ХАНГАЙ БОЛ АЛТАЙ Л ХҮҮХЭД ДЭЭ
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин
    АЛТАЙХАН ХИЙМОРЬЛОГ БАЙНА БАЯР ХҮРГЭЖ АЗ ХИЙМОРЬ НУТГИЙН ЗОН ОЛНЫГ ЭВЭЭХ БОЛТУГАЙ
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Монгол
    Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэгсэн. Гадаадын 10-аад жил унасан машин оруулж ирээд л зардаг. Харин Бямбацогт шинээр аваад 6 жил унаад бэлгэлсэн бол гаднаас оруулсан хуучин машинаас дээр байгаа юм биш үү?
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • йыйбый
    өө муу шаар чинь ямбий машинаа өгсөн юм уу заваан хог
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • йыйбый
    өө муу шаар чинь ямбий машинаа өгсөн юм уу заваан хог
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025