
“Оскар”-ын шагналт жүжигчин Сандра Баллок ойрын хугацаанд Калифорниос холдож, хамгийн аюулгүй, амгалан газар руу нүүж очихоор төлөвлөж байгаа гэнэ. 49 настай жүжигчин эмэгтэйн гэрт Жошуа Корбетт хэмээх этгээд халдсан нь ихэд цочирдуулсан байна.
Галт зэвсэгтэй гэмт этгээд Баллокийн байшинг тойрсон гурван метр өндөртэй хашааг давж, эргэн тойрон байрлуулсан видео камеруудаас ч эмээлгүйгээр гэрт нь халдан орсон юм. Тухайн үед Сандра Баллок гэртээ байсан бөгөөд гэмт этгээдтэй халз тулахын даваан дээр унтлагынхаа өрөөний хаалгыг түгжиж амжжээ. Ингээд цагдаа дуудаж, халдлагаас эсэн мэнд гарсан аж. Цагдаа нар ирснийг мэдсэн гэмт этгээд Сандра Баллокийг “Сэнди” хэмээн дуудаж, өргөдөл гомдол гаргахгүй байхыг аргадан гуйсан гэнэ.
Харин Сандра Баллок гэрт нь гэмт этгээд халдсан тэр өдөр бяцхан хүүгээ асрагчийнд үлдээсэндээ их баярлаж буйгаа байн байн ярьж буй гэнэ. Айж цочирдсон Сандра Баллок мөдхөн Калифорнийг орхин нүүх юм байна.
Харин гэмт этгээд бусдын эзэмшилд хууль бусаар халдаж, айлган цочирдуулсан хэргийнхээ төлөө 12 хүртэлх жилийн ял сонсох магадлалтай ажээ. Мөн сэтгэлзүйн хохиролд 185 мянган ам.доллар төлөх ёстой болсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна