
“Төрийн үйл хэргээс хол байх нь эмэгтэйчүүдэд өлзийтэй” гэх агуулгатай зүйлийг яриад зогсохгүй, баталгаажуулан Төрийн гал тахих ёслолыг зохион байгуулсан хүн бол УИХ-ын гишүүн бөгөөд сайд “Фортуна” Н.Батбаяр. Тэгвэл эрхэм түшээ маань төрсөн охиндоо тэгж хатуурхаж дийлдэггүй сайн эцэг. Учир нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний нэг нь түүний охин Б.Жаргалан юм. Аавтайгаа хамтдаа Архангай аймгаа төлөөлөн ҮЗХ-д сууж байгаа Б.Жаргалан “Занаду АРТ галлерей”-н захирал гэсэн статустай. Монголдоо Орос 2 дугаар сургуульд сурч байгаад эмээ, өвөөгөө даган Москва явж сурч байсан тэрээр долдугаар ангидаа буцан ирж Орос 14-ийг дүүргэсэн. Харин дараа нь аавынхаа “Америкийн топ 10″ сургуулийн аль нэгэнд нь орохгүй бол явцгүй шүү” гэсэн хатуу зөвлөгөөг нь даган Нью-Йорк дахь Колумбын их сургуульд суралцан төгссөн юм билээ. Мэдэх хүмүүс нь түүнийг тун сүрхий гэх юм билээ. Б.Жаргалан оюутан байхдаа “Айвенхоу Майнз”-ын Р.Фрийдландыг асуудалтай нөхөр юм байна гэдгийг илчилсэн нийтлэлээ анх “Өдрийн сонин” дээр гаргаж байж. Мөн аавдаа туслан Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн судалгааны шинж чанартай зүйлүүд дээр ажиллаж, хуулийнх нь танилцуулгыг бичиж байсан, шадар туслагч нь юм. Дүү Б.Хулан нь ч мөн нийгмийн идэвхи өндөр. Бостоны Их сургуулийг дүүргэсэн аж. Б.Жаргалангийн тухайд галлерей нээн ажиллуулах болсон нь урлагаар дамжуулан нийгэмд нөлөөлөх зорилготой хэмээн тайлбарладаг. Учир нь урлагийн боловсрол хүмүүсийг илүү их нийгмийн идэвхитэй, иргэний үүргээ ухамсарласан, ёс суртахуунтай болгох боломжтой гэж тэр үздэг юм билээ. Тэрчлэн “Занаду АРТ галлерей” нь үүдээ нээгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Авьяаслаг уран бүтээлчдийг дэмжин ажилладаг тус галлерейн захирал Б.Жаргалан улстөрд хөл тавих бэлтгэлээ ч сүрхий базааж байгаа гэдэг.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна