Шинэ үеийн “бэлтэй” монголчууд дэлхийн тэрбумтнуудтай ижилхэн төмөр хүлгүүдийг хөлөглөцгөөх болсон билээ. Бид энэ удаад Rolls Royce, Maybach, Bentley унадаг эрхмүүдээс нэрлэж байна.
Дөрвөн Rolls Royce-ын эзэн
“Мон-Уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүү гишүүний машины цуглуулгад дөрвөн ширхэг Rolls Royce бий. Нийт дөрвөн тэрбумаар үнэлэгдэх Rolls Royce Ghost, Rolls Royce Phantom, Rolls Royce Phantom II машинуудаа Боинг 747 онгоцоор тээвэрлэж авчирсан бөгөөд төмөр хүлгүүд дээрээ өөрийнхөө нэрийг алтаар бичүүлсэн аж. Мөн түүний цуглуулгад хагас тэрбумын үнэтэй Bentley бий.

“Женко” Х.Баттулгын 1111
УИХ-ын гишүүн Х.Баттулга 1111 гэсэн азын дугаартай Rolls Royce-той. Үндэсний томоохон компаниудын эзэн тэрээр монголын Топ-10 баяны нэгэнд зүй ёсоор ордог. Хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нь өнөөдрийн энэ өндөрлөг рүү түүнийг хөтлөсөн хэмээдэг.

Ш.Сайхансамбуугийн хүү
Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат мөн л Rolls Royce хөлөглөдөг. Аав нь үе, үе чихийг нь халууцуулчихдаг хүүгээ МУИС-ийн хуулийн ангид оройгоор сургасан нь үр дүн дагуулсан гэх. Үнэхээр ч Д.Дагвадорж аваргад зодууллаа гэснээс өөрөөр хэл ам татлахгүй байгаа юм.
Мэдээж түүнд Rolls Royce-оос өөр машинууд бий. “Панамера”-гаа хөлөглөн хотын гудамжаар салхи татуулан давхихыг хүсдэг ч түгжрэл түүнд саад болдог.

“Баян” Р.Базарын унаа
“Алтайн Хүдэр”, “Булган Алт” компаниудын ТУЗ-ийн дарга Р.Базар Rolls Royce-той эрхмүүдийн нэг. Уул уурхайн бизнест хөл тавьсаныхаа үрээр дуучин Д.Оюунтүлхүүрийн экс нөхөр гэдэг үндсэн тодотголоосоо холдож яваа. Ихээхэн хөрөнгөжсөн гэгдэх түүнийг “Баян“ Базар хэмээн яригсад олон болж. Түүний ийн амжилттай яваад экс эхнэрийнх ач тус нилээдгүй бий гэдэг. Анх Хонконг, Японы хөрөнгө оруулагчидтай холбогдоход нь дуучин Д.Оюунтүлхүүрийн нэр сүр багагүй нөлөөлсөн гэх юм билээ.
Кёкүшюзан Д.Батбаярын “ховор” хүлэг
Тэгвэл Кёкүшюзан Д.Батбаярын машины цуглуулгад бусдын нүд унадаг гэх юм билээ. Маршал Х.Чойбалсангийн унаж байсан, дэлхийд 10-н ширхэг үйлдвэрлэгдсэн машин түүнд бий. Мэдээж Rolls Royce ч байгаа. Эрхэм гишүүн тойрогтоо ажиллаж, сонгогчидтойгоо уулзахдаа Rolls Royce-оо унан очиж байсан юм.

П.Батсайханы 8888
“АПУ”-гийн П.Батсайханыг төмөр хүлгийн яс чанарыг жинхэнэ мэддэг, юм үзсэн юм шиг эр гэдэг. Үнэтэй харш нь шатаж байхад галын дөл өөдөө гээд билэгшээл хэлээд зогсож байсан гэх түүний автомашины цуглуулга арвин гэсэн. Гэхдээ тэрээр 8888 гэсэн азын дугаартай Bentley-гээ унах дуртай.

Х.Бат-Эрдэнийн төмөр хүлэг
“Алтай Констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ 0666 дугаартай Bentley Continental-тай, 0666 дугаартай Rolls Royce-той. 680 мянган долларын үнэтэй Rolls Royce-оо өнгөрөгч оны тавдугаар сард авч байсан. Үйлдвэрт нь захиалгаа өгч, өөртөө зориулан хийлгүүлсэн юм билээ. Харин Bentley Continental-аа 420 мянган ам.доллараар авсан аж.

“Эко”-гийн С.Нямдаваа Bentley-тэй
“Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа 0202 дугаартай Bentley маркийн машинтай. НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн гэхчлэн хэд хэдэн сонгуульт албатай тэрээр барилгын салбарт хүчээ харуулан, хэдийнэ орон зайгаа эзэлсэн. Харин одоо тэр улстөрд орон зайгаа эзлэхийг хүсэх болж. Түүний гол татаас нь Шадар сайд М.Энхболдыг хэмээн яригддаг.

Аваргын “Maybach 57”
SONC V12 Twin Turbo хөдөлгүүртэй, хурдны таван шатлалт араатай, “Maybach 57” маркийн автомашиныг Д.Дагвадорж аварга хөлөглөдөг. Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн сонголт болох тансаг зэрэглэлийн “Maybach 57” –гийн загварыг “Mercedes Benz S-Class”-ын загвар дээр үндэслэж хийсэн аж.

М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна