Найрамдал ба My Memory

Тэр өдөр цастай байлаа. “Үгээр хэлж үзгээр бичишгүй нууцаа өмнө чинь дэлгэе, Амур минь ...” Дурлалын бурханы хүрэл баримлын хажууд тэр бид хоёр зогсож байсансан. Нуруугаар би хамаагүй өндөр, түүний ов тов сэвхтэй царай, сөөсгөр үсийг бараг дээрээс нь тонгойж харах шахна. Би долоо, тэр зургадугаар анги байсан санагдана. “Найрамдал”-д өвлийн амралтаараа газар газраас цугласан бид шинэ найзуудтайгаа танилцаад бөөн хөөр. Тэр бас шинэхэн танил.
-Нээрээ энэ Амурт хүслээ хэлэхээр биелдэг юм болов уу?
-Биелдэг гэсэн ш дээ. Би бол хэлнэ л гэж бодож байна.

Оройн тойрог хийхэд бид бие биенийхээ дэргэд зогсоно. Өдөр нь ямар нэг шалтгаар ойр байж л байна. Хүүхэд нас, шохоорхол ер нь сонин шүү. Тийм ийм гэж сүртэй юм бодохгүй ч түүнийг харахаар өөрийн эрхгүй инээмсэглэл тодроод л. Зуслангаас буцахаас нэг хоногийн өмнө билүү дээ тэр надад байнга шахуу энгэртээ зүүж явдаг алтлаг өнгөтэй LOVE гэсэн угалзарсан гоёмсог бичиг бүхий тэмдгээ бэлэглэв. Дараа дахин “Найрамдал”-д уулзах ерөөл тавив.

Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн 36 жилийн ой долдугаар сарын 19-ний өдөр тохиов. Зөвхөн энэ өдөр хайртай зусландаа ирэх гэж яардаг, энэ өдрийг тааруулан уулзах болзоо тавьдаг хүүхдүүдийн нижгэр баярт бид зүсэр борооноор зочлов. Эргэн тойрон манан татаж бороонд норсон Найрамдал саяхан нүүрээ мөлчийтөл угаасан жаал шиг цэмцийнэ.


-За өглөөний цай ууцгаа гэж найрсагхан угтсан гал тогооныхон мишээл тодруулна. Энд ер нь хөмсөг зангидсан хүн нэг алгаа. Ийм бүрхэг өдөр баргар царайлахгүй хүн байдаггүй санагдана. Яагаад ч юм тэдэнд татагдаад нүүрний арьс тэнийгээд ирэв. Амаа цууртал инээж байна аа, би бүр. Ширээн дээр печень, талх, хөөрхөн дөрвөлжин масло, тун цэвэрхэн хиам эрийтэл өрөгдөв. Хар цай нь хүртэл амттай шүү.

-Энэ ямар хиам бэ? Яасан аятайхан амттай цэвэрхэн хиам бэ гэж бид шалгаахаа мартсангүй.
-Бид чинь тендер зарлаад шалгарсных нь бүтээгдэхүүнийг авдаг юм. Энэ хиам “Хаан хүнс”-ийнх гэж зөөгч нам дуугаар мэдээлэл өгөв. Амттай гэгч нь цайлсны дараа бид “Хараацай” театрыг зорилоо. Найрамдал дэргэдээ 650 хүний багтаамжтай тус театрыг нээсэн нь аргагүй дэвшил. Тун тохилог театрт бүх л төрлийн арга хэмжээ явагдах боломжтой. Харин өнөөдөр 36 насны төрсөн өдрийн баярын арга хэмжээ хүүхдүүдийг бороонд яаран ийшээ дэгдүүлж байна.
Хэзээд бэлхэн бичигтэй туг тайзнаа гарч ирэхэд хүүхдүүд суудлаас дэрхийн босч бөмбөрийн аянд тааруулан алга ташицгаана. Залуу хөтлөгч Х.Болорбат /элэглэгч, хөтлөгч Чапигийн төрсөн дүү. сэтгүүлч/ өнөөдрийн арга хэмжээг хөтөлж байв. Т.Түвшин захирал мэндчилгээ дэвшүүлж, энэ өдөр Найрамдалтай төрсөн өдөр нь давхацсан амрагч хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав. Нүд нь оч шиг гялалзан тайзнаа гарч ирж бэлэг авахдаа тэдний баярлаж байгааг ээ. Нээрээ л азтай тохиол шүү.

Найрамдал удахгүй усан бассейнтай болно, Найрамдал удахгүй сагсан бөмбөгийн дэлхийн стандартын заалтай болно. Найрамдал бас тун удахгүй Мини Диснейлэндтэй болно. Аав ээж хүүхэд хамтдаа амрах зугаатай төлөвлөгөөг мөн тэд гаргасан байна. Ирэх есдүгээр сарын сүүлээр нэг үлгэр жишээ ээлжийг зохион байгуулах юм байна.

Сониноос Найрамдалд энэ 36 жилийн хугацаанд хагас сая гаруй хүүхдүүд амарчээ. Та ч, би ч гэсэн тэдний нэг. Амарч байсан эхний хүүхдүүд эмээ өвөө болцгоож үр ач нараа хөтлөөд ирэх болсон гэхээр Найрамдал ёстой л найрамдлын өлгий юм даа. Ирсэн хүн явмааргүй, явбал эргэж ирмээр бидний Найрамдал.

Ерөнхий захирал Т.Түвшин, дэд захирал Н.Отгонбатгүйгээр Найрамдалыг төсөөлөхийн аргагүй. Хүчирхэг ПАУ нараас ганцаараа бууриа сахиж үлдсэн Н.Отгонбат нэг харахад энд, нөгөө харахад Драмын театрт, ахиулаад харахад СУИС дээр хичээлээ зааж байдаг хүн.
-Дуулаач, дуулахгүй бол муудлаа шүү гэж бяцхан охинтой найз нь юм шиг хөөрөлдөх Н.Отгонбат үг, үйлдэл нь яг л хүүхэд. Түүний нэг өдөр мэндэлсээр эхэлж орой мэндэлсээр дуусдаг гэлтэй. Найрамдалынхан бие биетэйгээ хэд ч таарсан мэндэлж, харин орой унтахдаа талархлаа илэрхийлнэ. Нэг ээлжинд 600 хүүхэд амардаг гэхээр мөн ч олон хүнтэй мэндлэх нь ээ дээ.

Сониноос ногоон байгууламжаараа гайхуулдаг Найрамдалын хашаанд хөтлөгч Х.Болорбатын байгууламж бийг Н.Отгонбат захирал онцгойлон зааж өгөв. Нийтдээ 105 мянган төгрөгний өртгөөр энэхүү цэцгүүд Найрамдалд иржээ. Залуус эрвийх дэрвийхээрээ Найрамдалдаа хөрөнгө оруулалт хийхийг хичээдэг. Гол нь чин сэтгэл шүү дээ. Эднийхэн ийм л халуун уур амьсгалтай, Найрамдалаа, бие биенээ гэсэн сэтгэлтэй.

Амур нээрээ хүсэл биелүүлдэг юм болов уу? Найрамдалынхан Амураас ч дутахгүй хүүхэд бүрийн хүслийг сонсохыг хичээж, биелүүлэхийн төлөө тасралтгүй шаргуу ажиллаж иржээ. Одоо ч гэсэн томчууд Найрамдалаа санадаг. Тэр ч утгаараа А буудалд нь амарч, хүүхэдтэйгээ амрах тэр ээлжийг тэсэн ядан хүлээж буй болов уу. Найрамдал удахгүй гэр бүлийн зуслан болох баярт мэдээ чих дэлсэв. Тэртээ 36 жилийн өмнө Найрамдалд ассан оч одоо дүрэлзсээр байна.
Бороо зүсэрсэн орой Найрамдал биднийг үдэв. Эргээд ирнээ бид, үргэлж ирсээр л байх эргэн эргэн хорогдох Найрамдал минь.

Б.Уян

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025