МИАТ-ийн дархлагдсан захирал

МИАТ-ийн экс удирдлагууд  “Дайны эрсдлийн даатгал” нэрээр 9.1 тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэг 2007-2010 оны хооронд залгамж алдалгүй хийгдсэн байдаг  атал Улсын дээд шүүх гэмтнүүдийн гэм бурууг хөнгөлөн үзсэн билээ. Ял сонссон нөхдүүдийн гадаад руу мөнгө шилжүүлсэн 17 удаагийн үйлдлийн хамгийн сүүлчийн гүйлгээ нь 2009 оны тавдугаар сарын 4-нөөс өмнө биш 2010 оны 11 дүгээр сарын 29-нд хийгдсэн байдаг. Түүнчлэн эдгээр гүйлгээнүүд хийгдэх үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан ч, хариуцлагаас мултарсан нөхдүүдийн тухай өгүүлэх нь уг нь зөв хэрэг юм. Шилжүүлэг хийгдэж байсан хугацаанд МИАТ компанид 4 Гүйцэтгэх захирал, 10 Дэд захирал солигдсон байдаг. Тэгвэл  тэдгээр нөхдүүдээс Г.Жаргалсайхантай холбоотой асуудлыг хүргэж байна.

2010-2011 онд МИАТ ХК-ийн Нислэг үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчихаад 2011-2012  онд МИАТ-ийн  Токио дахь Ерөнхий төлөөлөгчөөр томилогдсон, МАН-ын гишүүнчлэлтэй энэ эрхэм өнгөрөгч онд Ц.Орхоны орыг залган МИАТ-ийн Гүйцэтгэх захирлын суудалд суусан юм. МАХН засгийн эрхэнд олноороо байсан 2000-2004 онд,  МИАТ ХК-ийн Тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан тэрээр “Дайны эрсдлийн даатгал” нэрээр гадагш мөнгө гуйвуулан шамшигдуулж байсан хууль бус үйлдлүүд хийгдсэн жилүүдийн сүүлийнхэд нь МИАТ-д эргэн ирсэн байдаг нь анхаарал татдаг. Тиймээс ч мөнгө угаасан хэрэгт холбогдогчдыг шалгаж эхэллээ гэгдэж байхад түүний нэр тэдгээрийн дунд байсан ч, явцын дунд сугалагдсан юм.

 

Ер нь бол тэрээр хуулийн дагуу чигч шударга үйл ажиллагаа явуулдаг нэгэн биш гэдгийг илтгэх баримтууд бий. Тухайлбал, МИАТ компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой зөрчил бүхий асуудлууд түүнтэй холбогдож таардаг юм. Тэдгээрээс Катерингийн асуудал дээр тухайлан өгүүлбэл, МИАТ компани “Нүхт тур” ХХК-тай Катерингийн үйлчилгээ авах гэрээ байгуулахдаа хууль дүрэм зөрчсөн баримтууд байсаар атал тэрчигээрээ явсаар өнөөдрийг хүрсэн нь, МИАТ болоод  “Нүхт тур” ХХК-ийн хоорон дахь түншлэлийн ард улстөрчдийн нөмөр нөөлөг явж ирж гэж харахад хүргэдэг. Түүнчлэн МИАТ компанийн Бодлогын хэлтсийн дарга С.Билэгсайхан хэлэхдээ Зам тээврийн сайдын зөвлөлийн зүгээс одоогийн удирдах албан тушаалтнуудын “МИАТ” компанид учруулсан хохирлын хэмжээг гаргаж байгааг, ер нь бол сэжиглэж, хардах олон асуудал гарч байгааг хэлж байсан. Тухайлбал, 2011 онд хоёр тэрбум төгрөг катерингид шилжүүлсэн бол 2012 онд жилийн дотор 3.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Удирдлагууд нь шатахууныхаа мөнгийг төлж чадахгүй чичирсэн мөртлөө катерингийн мөнгийг шилжүүлж ирсэн. Тэрдундаа  тодорхойгүй 1.8 тэрбум төгрөгийн асуудлыг шалгуулахаар боллоо гэж байсан. Өнгөрсөн жилүүдэд захирал Г.Жаргалсайханы тушаалаар Баянхонгор аймгийн “Нүхт-тур” компанид 200 сая төгрөгийг шилжүүлдэг байсан гэх мэтчилэн санхүүгийн хэргийн шинжтэй үйлдэл олон байгаа талаар хэлж, ярьж байсан ч, өнөөдрийн тухайд хууль хяналтын байгууллага энэхүү асуудлыг илчлэн тодруулаад байгаа эсэх нь тодорхой бус байгаа юм.

 

Өнгөрсөн жилүүдэд МИАТ-д “Нүхт тур” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой олон гомдол, санал ирж байсан байдаг ч,  “Нүхт тур” ХХК гэж дархан эрхтэй компани даварсаар ирсэн байдаг. Энэ компанитай заавал гэрээлэхгүйгээр МИАТ өөрөө Катерингийн үйл ажиллагаагаа явуулж болох байтал анхнаасаа бусдыг угжих зорилгоор  давхар давхар гэрээ байгуулж гэж үзэх үндэслэл бүхий баримтыг дурдая.

 

1978 онд байгуулагдсан Д.Хоржав захиралтай Нүхт Тур ХХК-ийн тухайд. Аялал  жуулчлал болон агаарын тээврийн компаниудад Катерингийн үйлчилгээ үзүүлдэг компани. МИАТ Mongolian Airlines, Аэрофлот авиакомпанийн зорчигчийн хоолыг бэлтгэн нийлүүлэгч  үндсэн компани гэдгээрээ томордог тус компанийн МИАТ-тай  байгуулсан гэрээний дагуу үзүүлдэг үйлчилгээ нь шүүмжлэл дагуулсан нь олонтаа.  Уг нь “МИАТ” ХК нь  1998 онд өөрийн хөрөнгөөр Катерингийн зориулалт бүхий барилга барьж ашиглалтад оруулснаар компанийхаа олон улсын нислэгийн зорчигчийн хоолыг өөрөө бэлтгэдэг бэлтгэх цехтэй болсон юм билээ.  2000 он гэхэд 106.2 мянган ам.долларын худалдаа хийж, 31.8 мянган ам долларын ашигтай ажиллажээ. Гэсэн ч 2002 онд “МИАТ катеринг” нэртэй төрийн өмчит ХХК болгож зохион байгуулалтын өөрчлөлт хийж аж ахуйн тооцоон дээр ажиллуулах болж, 13.2 сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Улмаар 2006 он хүртэл бие даасан аж ахуйн тооцоон дээр ажилладаг охин компани байсныг буцаан өөрчилж “МИАТ” ХК-ийн Катеринг төв гэсэн хэлтсийн зохион байгуулалтад оруулсан байдаг.  Улмаар 2008 онд Катерингийн төвд “МИАТ” ХК 790 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, барилгын өргөтгөл шинэчлэл, агуулах, хөргөх хөлдөөх байгууламжийг шинээр барьсан байдаг. Өдгөө  “МИАТ” ХК болон “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан 2 гэрээний дагуу катерингийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Тодруулбал,

 

-2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 09/139 тоот “МИАТ” ХК-ийн Катеринг төвийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх тухай гэрээг “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд 2 жилийн хугацаатайгаар байгуулжээ.  Энэ нь “Удирдлагын гэрээ” юм.

 

-2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 09/139А тоот “Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ”-г “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан байна. Энэ нь  “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” аж.

 

Удирдлагын гэрээг байгуулахдаа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар эцэслэн хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүй байсан нь 2011 онд хийгдсэн  шалгалтаар тогтоогдсон байдаг.  “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, эдийн засгийн тооцоо, судалгааг хангалтгүй байна гэж үзээд дараагийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлэх үед Удирдлагын гэрээ байгуулагдсан байсан байна. Компанийн ТУЗ-ийн хурлаар энэ асуудал дахин хэлэлцэгдээгүй аж.

 

 Энэ нь Компанийн тухай хуулийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана”, МИАТ ХК-ийн дүрмийн 7.9.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь МИАТ ХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц…-ийг батлах”-аар заасныг тус тус зөрчсөн явдал болсон юм байна.

 

Нүхт тур” ХХК-д Катеринг төвийг хүлээлгэн өгөх үеийн байдлыг тухайлан авч үзвэл  2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гэрээний дагуу “Нүхт тур” ХХК-д Катерингийн төвийн нийт 1.926.791.9 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг хүлээлгэн өгсөн байдаг.

 

 Удирдлагын гэрээгээр Гүйцэтгэгч тал нь Катерингийн төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүйгээр үйлчилгээний хүрсэн түвшинг бууруулахгүй байх, сайжруулах, Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах үндсэн үүргийг хүлээсэн аж.

 

Гэрээний хугацаа 2 жил, гэрээний хавсралт “В”-ийн 11-д “Удирдлагын гэрээ дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурах өдрийг 2011-8-10 байхаар тусгасан,  2.1.3 дахь заалтад гэрээг 2 жилийн хугацаатайгаар 2 удаа сунгаж болно гэж заасан байна.

 

Тэгвэл  “МИАТ ХК-ийн катеринг төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх 09/139 тоот удирдлагын гэрээг сунгах тухай” гэрээг 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “МИАТ” ХК-ийг төлөөлж Нислэг үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Жаргалсайхан, “Нүхт тур” ХХК-ийг төлөөлж Д.Хоржав нарын хооронд байгуулж, гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байгаа юм.  Тэгэхээр МИАТ-ийн өнөөгийн удирдлага Г.Жаргалсайхан эрхмийн тухайн үед гарын үсэг зурж сунгасан, 2014 он хүртэл үргэлжлэх  гэрээнд ихээхэн асуудал байна гэсэн үг.

 

Ерөөс энэ гэрээ цөөн эрхмүүдийн эрх ашигт л нийцэж ирснийг үгүйсгэх аргагүй байна. Хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгөний тоо дагуулсан энэ гэрээг байгуулсан МИАТ-ийн өнөөгийн удирдлага Г.Жаргалсайхантай холбоотой бусад асуудлыг ч хууль хяналтынхан шалгах ёстой ч, шалгаагүй л байна.

М.Мөнхжин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025