Дуучин Д.Оюунтүлхүүрийн экс нөхөр “Баян” Базараа гэж зайтай эр бий. “Захиа” дууны клипэнд тоглосон Оюун гэх охиныг эхнэрээ болгосон тэрбээр Макдоналдсын салбарыг Монголд нээх гээд хөөрч гүйж явсан удаатай. Харин өдгөө уул уурхайн салбарын том “зүтгэлтэн” болсон. Улстөрийн талбар дахь нөхдүүдтэй тун чимээгүй байдлаар тохиролцоо хийж ирсэн түүний “Алтайн хүдэр” гэж компанитай холбоотой хууль зөрчсөн мэдээлэл тун олон. Ерөөс Базараа гэх хүн Монголын хуулийг гишгэхээрээ нэг болдог гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тиймээс тэр талаар нь хүргэж байна.
Улаанбаатар хотоос баруун-баруун өмнө зүгт 1300 км-т, Говь-Алтай аймгийн төвөөс 162 км мөн Цээл сумаас баруун зүгт 18 км-т байрладаг Таян нуурын төмрийн хүдрийн ордыг Хятадын Baosteel группын харъяа компани болох Xinjiang Ba Yi Iron and Steel Co., Ltd болон мөн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг болох Jiquan Iron and Steel Co. компаниуд руу зөөж ирсэн “Алтайн хүдэр” компани өнөөдрийн өдрийг хүртэл Монголын хуулийг гишгэлсэн хэвээрээ л байна. Ямартаа л ХЭҮК тус уурхайн нөхцөл байдалтай танилцаад, уурхайгаас Бургастайн боомт хүртэлх хатуу хучилттай зам ашиглалтад оруулах хүртлээ төмрийн хүдэр тээвэрлэхээ зогсоохыг шаардсан ч, одоогоор үйл ажиллагаа нь явагдсан хэвээрээ л байгаа юм. Харамсалтай нь хуулийг гууль болгодог тус компани замаас үүдсэн тоосжилтын асуудлаа шийдэхгүй өнөөдрийг хүрсний уршигаар байгаль орчин сүйдсээр байгаагийн сацуу өнгөрсөн онд хэд хэдэн осол гарч, эрдэнэт хүний амь эрсдэж, нэг хүн хүндээр бэртсэн юм.
Тодруулбал, хүнд даацын машинаар тээвэрлэлт хийж явсан Алтай сумын иргэн Т замын тоос их байсны улмаас өнгөрсөн оны зургадугаар сарын 18- 19-нд шилжих шөнийн 04.00 цагийн үед осолд орж амиа алдсан. Гэтэл уг ослоос хойш удалгүй хүнд даацын автомашинууд мөргөлдөж, нэг жолооч хүнд бэртсэн ч, эдгээр ослуудын талаарх мэдээллийг Алтайн Хүдэр компани хав даржээ. Уг нь автын осол гэдэг үүднээс аймгийн Замын цагдаагийн газарт бүртгэгдэх ёстой ч гадаа нь үлдчихсэн байна гэхээр анхаарал татахаас яахав. Сонирхолтой нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүдэр тээвэрлэдэг замыг үйлдвэрлэлийн зам гэж тооцдог учраас тус зам дээр гарсан ослын улмаас хүний амь сүйдчихээд байхад замын цагдаад падлийгүй өнгөрчээ.
Зүй нь үйлдвэрлэлийн зам гэдэгт уурхайн доторх замыг тооцох ёстой атал Алтайн хүдэр компанийн хувьд Бургастайн Боомт хүртэлх 168 км замынхаа ихэнхийг үйлдвэрлэлийн зам гэж тооцуулж чадсаны ард аймгийн Мэргэжлийн хяналтын газартай сүлбэлдсэн байж болзошгүй байна.
Ер нь бол Баян Базараагийн гэх тодотголтой Алтайн хүдэр компанид монгол хүний амь, Монгол Улсын хууль журам үнэндээ ямар ч хамаагүй харагдаж байна.
Уг нь БОНХЯ-ны Ажлын хэсгээс тус уурхайд хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлагыг “Алтайн хүдэр” компанид өгсөн. Тэр хүрээнд хэд хэдэн арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх үүргийг өгсөн юм. Тодруулбал,
-Таян нуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168.3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны 06-р сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулах; даалгавар байгаа. Гэтэл энэ оны зургадугаар сарын 15-н өнгөрчихөөд байхад боомт хүртэлх авто замын ажил урагшлаагүй. Хатуу хучилт хийгдээгүй, тоосонд умбасаар байна.Мөн:
- Авто замын хийц, технологи, трасст өөрчлөлт орсон учир өмнө хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд нэмэлт тодотгол хийлгэх ажлыг 2013 оны 05-р сарын 01-ний дотор гүйцэтгүүлэх;
- Таян нуурын уурхайн дотоод зам талбай, Бургастай боомт хүртэлх 168.3 км авто замын дагууд малчин айл өрхүүд олноор суурьшсан болон экологийн ач холбогдол бүхий газруудын орчимд тоосжилтийг бууруулах зорилгоор замын усалгааг тогтмол хийж байх;
- Авто замын дагууд зэрлэг амьтдын нүүдэллэх, дамжин өнгөрөх гарцыг тодорхой судалгааны үндсэн дээр, тухайн амьтны онцлогт тохирсон байдлаар байгуулах шийдлийг тусгайлан боловсруулж гүйцэтгэх;
-Хүдэр тээвэрлэлтийн авто замын дагуух тэмдэг, тэмдэглэгээг хүртээмжтэй болгож, авто тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, жолооч чанарын ур чадварыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Тээврийн газартай хамтран 2013 оны 04-р сарын 15-ны дотор зохион байгуулах;
- Таян нуурын уурхайн баяжуулах үйлдвэрийг 2013 оны 05-р сарын 15, шинээр барьж буй бохир ус цэвэрлэх байгууламжийг 2013 оны 06-р сарын 01-ний дотор Улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах;
-Баяжуулах үйлдвэрээс үүдсэн тоосжилтийг тухайн газрын байгаль, цаг уурын онцлог, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг ашиглан хамгийн боломжит хэмжээнд бууруулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх зэрэг үүргүүдийг хүлээсэн ч, үл тоомсорложээ. Хэрэв энэхүү хугацаатай үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй тохиолдолд уурхайн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах болсноо ажлын хэсэг уурхайн захиргаанд мэдэгдсэн байдаг ч, үйл ажиллагаа нь явагдсаар өнөөдрийг хүрлээ.
Өөрсдийгөө нийгмийн хариуцлага гээчийг өндөр түвшинд ухамсарлаж “Бид орон нутагт чиглэсэн боловсролыг дэмжих, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн зэрэг үндсэн чиглэл, салбарын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх үүднээс тодорхой үе шатуудтайгаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.” хэмээн мэдэгддэг “Алтайн хүдэр” компани зүгээр л хулхин дээр цэцэг ургуулж, эздийнхээ халаасыг түнтийлгэдэг газар гэхээс өөр хэлэх үг алга байна. Баян Базараа гэж хумсаа нуусан муур царайлсан нөхрийг шалгах л ёстой юм даа.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (14)