Дахин 295 хүн нас барж байдал хурцадлаа

Малайзын иргэний агаарын тээврийн “MH17” онгоц Орос, Украйны хилээс 30 милийн зайд зүүн Украины нутаг дэвсгэрт  осолдсон эмгэнэлт хэрэг гарлаа.
295 зорчигчтой явсан уг онгоц Нидерландын нийслэл Амстердамаас Куала Лумпур луу нисч явсан бөгөөд хамгийн сүүлд Украины агаар мандалд байхдаа холбоо тогтоожээ.
Сүйрэл болсон газрын эргэн тойрон хааш хаашаа 10 мил газар онгоцны биетүүд тарж бутран унасан байдалтай байжээ. Сүйрэл болсон газар нь зүүн Украины Грабова тосгоны хажууханд гэнэ.
Нисэх багийн   280 нь зорчигч, 15 нь онгоцны багийн гишүүн байжээ. Эхний мэдээгээр  Нидерландын 71,   АНУ-ын 23, Австралийн 27, Британийн ес, Францын дөрвөн иргэн зорчиж явсан байна.
Малайзын онгоцны сүйрэл Орос-Украин, Орос-Америкийн таагүй харилцаанд гал нэмж, талууд ч бие биеэ харилцан буруутгах өнгө аястай мэдэгдлүүд хийж байна.  Тус тусын хэвлэлүүд ч өөрсдийн талын байр суурийг түлхүү гаргаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагчид Украины дээгүүр ниссэн нисэх онгоц, нисдэг тэрэг рүү  олон удаа буудаж,   сөргөлдөөнийг хурцатгаж байсан” гэжээ. Тэрбээр онгоцны сүйрэлд босогчдыг  буруутгасан бол АНУ-ын дэд ерөнхийлөгч Жон Байдэн "Энэ бол осол биш, тэнгэрээс туугдан бууж ирсэн" гэжээ.
Мөн Цагаан ордон “АНУ-ын зүгээс ОХУ-д хориг арга хэмжээ авсны дараа ийм сүйрэл болсон” тухай нэмж тодотгожээ. Уг ослоос өмнөхөн Украины асуудалтай холбогдуулан АНУ ОХУ-д хориг арга хэмжээ авсныг Ерөнхийлөгч В.Путин буруутгасан мэдэгдэл хийж байсан билээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уг сүйрэлд Украины Засгийн газрыг хариуцлага хүлээх ёстой гэсэн байна.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмусен “Хэрэг явдлын үнэн зөвийг тогтоохын тулд ямар нэг хөндлөнгийн оролцоогүй олон улсын мөрдлөг явуулах хэрэгтэй” гэсэн  байна.  
Европын холбоо, Еврокомиссын хамтарсан мэдэгдэлд “Олон хүний, тэр дундаа Европын холбооны улсуудын иргэд амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлээд сүйрлийн шалтгааныг судалж, буруутай этгээдэд нэн даруй хариуцлага ногдуулах ёстой"  гэжээ.
Ямар ч байсан Малайзын иргэний агаарын тээврийн онгоц байдал хурцадмал байгаа Орос, Украины хил дээр осолдсон нь сөргөлдөөнийг улам хурцатгаж эхэлсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025