Сэволын гашуун сургамж

Өмнөд Солонгост ажиллаж, сурч, амьдардаг манайхан тус үндэстний нэг онцлогийг ихэд гайхдаг гэдэг. Тэр нь салхинд туугдах мэт яарах мөн хурдхан шиг л алив юмыг дуусгах гэдэг зан. Өөрсдөө бол энэ л зан манайхыг богино хугацааны дотор үсрэнгүй хөгжсөн орон болгосон гэж хэлдэг. Гэвч зоосны нөгөө тал гэж бий.

2014 оны 4 дүгээр сарын 14-нд Инчон боомтоос Жэжү арал руу рейс хийдэг хүн болон ачаа тээврийн “Сэвол” гатлага онгоц эргээсээ хөдлөв үү, үгүй юу живж, Солонгос бүү хэл бүх дэлхий харамсаж гашуудмаар үйл явдал болсон билээ. Тус онгоцонд сууж явсан 476 хүний 293 нь энэ ослоор амь үрэгдсэн бөгөөд хамгийн эмгэнэлтэй нь Инчон хотын Данвон ахлах сургуулийн 250 сурагч аялах гэж яваад амь үрэгдсэн явдал юм. Осол Солонгосын нийгэмд аймшигтай их шуугиан дэгдээж тэр нь хилийн чандад ч газар авч, БНСУ-ын ерөнхий сайд огцорч, дараа нь ерөнхийлөгчийнхөө тушаалаар эргэн суудалдаа суусан зэрэг үйл явдлаар үргэлжилсэн билээ. 

Гатлага онгоц 3 ахмадтай байдгаас тэр өдөр 3 дугаар ахмад эргээс онгоцоо хөдөлгөж огцом хурд хийснээс сайн бэхлэгдээгүй байсан ачаа нурж, нэг талдаа бөөгнөрснөөс уг онгоц живсэн  хэмээн таамаглаж буй. Нөгөө талаар энэ осол бүхэлдээ Солонгосын нийгэм авилгалд идэгдсэний гор гэж үзэх хүмүүс ч бий. Ямартай ч нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр эл ослын дараа Солонгосын бүх шатны байгууллагууд өргөн хүрээтэй шалгалт явуулсан юм.

Шалгалтаар юун түрүүн “Сэвол” онгоцыг эзэмшигч “Чонгхэжин” компанийн асар ээдрээтэй түүх дэлгэгдэх нь тэр. Тус компанийг үндэслэгч Юү Бён Он нь өмнө нь христийн шашны номлогч явсан агаад улмаар бизнест орж залилангийн хэргээр ял авч шийтгүүлж байсан нэгэн аж. Уг компани доороо татвараас бултах зориулалттай 30 охин компанитай бөгөөд бүгд Юү Бён Оны үр хүүхэд, ах дүү нарын нэр дээр байсан байна. Түүнээс гадна олон тооны хууль бус үйлдлүүд нь шалгалтаар илэрчээ.

2009 онд БНСУ ын далайн тээврийн хуулинд өөрчлөлт орж гатлага онгоцны ашиглалтын хугацааг 20-30 жил болгожээ. Энэ өөрчлөлт нь “Чонгхэжин” мэтийн олон компани улс төрчдөөр дамжуулж лобби хийснээр бий болсон гэдэг нь Японд ашиглалтын хугацаа нь дууссан “Сэвол” онгоцыг Солонгост уг өөрчлөлтийг далимдуулж импортлож ирсэн явдал гэж үзэж байгаа аж. Ослоос улбаалж 3000 гаруй хүнийг баривчилан шалгаж байгаа бөгөөд  Солонгосын нийгэм томоохон бүтцийн өөрчлөлтөд орж, далайн тээврийн хууль, эрүүгийн хуулиа шинэчилж, далайн тээврийн яам нь татан буугдаж өөр хүчтэй тээврийн шалгалтын нэгдсэн бүтэцтэй болж байгаа гэнэ.

Манай улсад хэдийгээр далай байхгүй ч улс орон хөгжихийн хэрээр уул уурхай, барилга бүтээн байгуулалтын ажил хурдан өрнөж байгаа боловч осол эндэгдэл урьдынхаас илүү гардаг болсон. Дээрхтэй адил олон зуун хүний амь нас, олон сая төгрөгний хохиролтой осол гарахыг үгүйсэх аргагүй. Улсын төсвөөр маш олон төсөл хөтөлбөрийг улс төрчдөөр дамжуулж лоббидон гаргаж байгаа.  Гэвч Солонгосчуудын одоо халаглаж байгаачлан хөгжил дэвшил хурдаа урдаа бариад хүн аюулгүй байдлаа хойноо тавьсан энэ явдлаас сургамж туршлага авах хэрэгтэй юм.

А.Амка

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025